Манай улсад мөрдөгдөж буй Хар тамхины тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийгэм, эдийн засаг, гэмт хэргийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хуулийн хэрэгжилт, үр дагаварт хийсэн судалгаа, шинжилгээний дүнгээс харахад ноцтой үр дүн илэрч, эрх зүйн шинэтгэлийг шуурхай хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Ялангуяа хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэж үзэж буй.
Иймд Монгол Улсын Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хар тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн үндсэн чиглэлд онцгойлон анхаарч байгаа юм.
Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бодлогыг боловсрол, гэр бүл, нийгмийн бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Одоогоор хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалан эцэг эх, боловсролын байгууллагууд ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй байна.
Хоёрдугаарт, хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудлыг хөндөж байна. Үүнд хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж байгаа юм. Өнгөрсөн онд Засгийн газраас Хар тамхитай тэмцэх газрыг Хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүлж, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораториудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг тогтоох, шинжлэх боломжийг бүрдүүлжээ.
Гуравдугаарт, донтох эмгэгтэй иргэдийг эмчлэх тогтолцоог шинэчлэх шаардлага тулгарч байна. Манай улсад одоогийн мөрдөж буй эмчилгээний арга зүй, стандартуудыг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа тул олон улсын стандартад нийцсэн эмчилгээний арга барил нэвтрүүлэх, нарийн мэргэшсэн эмч, сэтгэл зүйч бэлтгэх, сэтгэцийг сэргээх, засах төвүүдийг байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-ын 1961, 1971, 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх конвенцод нэгдэн орсон бөгөөд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Хар тамхи нь үндэстэн дамнасан гэмт хэргийн шинжтэй тул олон улсын гэмт бүлэглэлүүдтэй үр дүнтэй тэмцэхийн тулд гадаад хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг онцолж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгад ял шийтгэлийн бодлогыг чангатгах асуудал ч багтана. Эрүүгийн болон Зөрчлийн хуульд хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчилд ногдуулах хариуцлагыг тодорхой болгож, хэн нэгэн ял завших, хариуцлагаас мултрах нөхцөлийг бүрэн хаахаар төлөвлөжээ. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодисыг давтан хэрэглэж, зөрчлийн хуулиар шийтгүүлсэн этгээд дахин хэрэглэх тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгана.
Мөн одоогийн хууль хэт ерөнхий, тодорхой бус байдлаар бичигдсэн нь нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг засах зорилготой байна. Шинэчилсэн найруулгаар хэн, ямар үүрэг, хариуцлагатай вэ гэдгийг тодорхой болгож, төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх аж.
Түүнчлэн өсвөр насныхны мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж буйд онцгой анхаарал хандуулна. Эцэг эхийн хараа хяналт сул, хор аюулын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь энэ төрлийн эрсдэлийг нэмэгдүүлж буй тул залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүл, сургууль, нийгмийн оролцоог бүх түвшинд сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хар тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хар тамхитай тэмцэх төрийн бодлого илүү тодорхой, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм









