Хайр гэдэг их сонин зүйл. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв атлаа хууль, журам, тогтоосон дүрэм гэж үгүй. Заримдаа дуу чимээтэй ирдэг хэр нь, явахдаа чимээгүй алга болчихдог. Хэн нэгнийг хайрлана гэдэг… Хайртай байна гэдэг бүх зүйл сайхан байна гэсэн үг биш, харин хэцүү үеүдэд ч орхихгүй, сонгож байгаагийн нэр ч байж магад.
Нам гүм, өвлийн нэгэн хүйтэн өдөр. Жавар тачигнах агаад зүрх мөн тачигнана. Хайр дуусдаг болов уу, эсвэл бид ядарчихдаг юм болов уу? Бага байхад хайрыг кинон дээр л гардаг зүйл л гэж боддог байв. Мэдрэмж нь энгийн, хүнд биш. Нэг хүн инээмсэглэхэд л зүрх булгилж, маргааш юу болох нь огт хамаагүй үүлэн дээр хөвөөд л, хөвөөд л. Бие хүн болж төлөвшихөд хайр арай гүнзгий, шаналал их. Заримдаа нэгнийгээ хайрлаад байгаа юм уу, эсвэл алдахаас айгаад зууралдаад байна уу гэдгээ ч ялгахаа больдог байх. Магадгүй хайр биш, харин бидний тэсвэр л дуусдаг юм шиг. Дунд насанд хайр чимээгүй, нам гүм оршдог мэт. Амьдралын ачаа нэмэгдэж, өдөр бүр догдлох завгүй болно. Энэ үед хайр бол мэдрэмжээс илүү сонголт шиг санагддаг. Ямар ч элдэв нялуун үггүй, ямар ч үед тэр хүний хажууд үлдэхийг сонгох сонголт. Орой харихад гэрэл асаалттай байхыг харах үед төрдөг тайвшрал шиг. Хөгширсний дараах хайр ямар байдаг бол гэж би хааяа төсөөлдөг. Магадгүй тэр үед хайр гэдэг дурсамж дээр тогтсон, удаанаар тайван алхахтай адилхан зүйл байх. Яарахгүй, нотлохгүй, зүгээр л хамт байхад хангалттай. Хүмүүс амьдралдаа гурван удаа л жинхэнэ хайрттайгаа учирдаг гэдэг. Эхнийх нь юу ч ойлгоогүй байх үеийн хайр, хоёр дахь нь өөрийгөө хамгаалж, болгоомжилж эхэлсэн үеийн хайр, гурав дахь нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан үеийн хайр. Магадгүй гурав дахь нь хамгийн нам гүм, хамгийн удаан үргэлжилдэг байх.
Заримдаа “хайр гэж байдаггүй, хариуцлага л байдаг” гэж бодогдоно. Гэвч туйлын үнэн, туйлын худал гэж үгүй. Магадгүй хайр гэдэг үлдэх зориг, хүлээн зөвшөөрөх тэвчээр хоёрын дунд л оршдог зүйл байх.
Тийм болохоор л хайр хэзээ ч ганц тодорхойлолтод багтдаггүй байх. Хүн бүр өөрийнхөө амьдарсан нас, туулсан өвдөлт, алдсан итгэл дээрээ тулгуурлаж хайрыг ойлгодог. Хэн нэгний хувьд хайр анх удаа дуугүй байж сурсан мөчөөс эхэлдэг бол, нөгөө талаас хайр гэдэг явж чадалгүй үлдсэн тэр оройгоос эхэлдэг ч байж мэднэ.
Эцэст нь бодоход хайр гэдэг заавал аз жаргал амлах албагүй. Харин хайртай хүнийхээ дэргэд өөрөөрөө байж, үлдэнэ гэдэг л хамгийн чимээгүй, хамгийн үнэтэй аз жаргал байх.
Толь шиг тунгалаг хоёр нүд чинь
Том нэгэн чинжаалын иртэй юм
Тольдох дуртай сэтгэл минь
Исгүүлэх бас дуртай юм
Яруу найрагч Л.Бямба-Цэрэн
Хайр биднийг амьдрахын утга учрыг, хүн байхын утга учрыг мэдрүүлэх гэж л оршин байдаг байх.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








