Эрчим хүч бол зүгээр нэг үйлчилгээ биш, улсын амин судас юм.
Монгол Улсад энэ амин судас аль хэдийнээ туйлдаа хүрчээ. Өвөл бүр эрчим хүчний чадал хүрэлцэхгүй, цахилгаан хязгаарлах нь энгийн үзэгдэл болсон. Иргэд тог тасрахад бухимдаж, төрийн байгууллагууд тайлбар өгсөөр л байдаг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд цахилгааны үнэ 2–3 дахин өссөн. Үнэ нэмэх бүрд шинэчлэл хийнэ, алдагдлыг бууруулна, хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж амласан ч бодит байдал дээр эрчим хүчний салбар алдагдалтай, тог тасалсан хэвээр. Эрчим хүчний салбарын алдагдал 1 их наяд болж улсын төсвөөс байнга татаас олгож, нөхөж, улсын төсвөөс байнга мөнгө авч, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлсээр л.
“Тог тасарна шүү”, “цахилгаанаа хэмнээрэй”, “ачаалал их байна” гэдэг нь анхааруулга биш, өөрсдийн чадамжгүйгээ хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл мэт. Эрчим хүч бол ард иргэдийн гуйлга биш, төрийн анхааруулга ч биш, төрийн үндсэн үүрэг. Өнөөдөр хэн ч “энэ алдагдлын төлөө би хариуцна” гэж хэлдэггүй.
Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж, улсын төсвөөс асар их хэмжээний мөнгө авдаг атлаа хэн хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй. Ашиггүй ажиллавал бизнес хаалгаа барьдаг. Харин төрийн өмчит байгууллагууд ашиггүй ажиллах тусам төсвөөс илүү мөнгө авдаг гаж тогтолцоо энд байна. Энэ мөнгө хаашаа орж, яаж зарцуулагдаж байгаа юм бол? Эрчим хүчний салбар бол улс төрөөс ангид, ашиг сонирхлоос ангид байх ёстой салбар. Ил тод байдал, бодит хариуцлага, мэргэжлийн удирдлага л хэрэгтэй бус уу?
Дэлхийн олон улс эрчим хүчийг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж хардаг. Герман улс эрчим хүчний хямралыг урт хугацааны бодлогоор шийдэж, сэргээгдэх эрчим хүчийг системтэй хөгжүүлсэн. Үнийн өсөлт тулгарсан ч ил тод бодлого, тодорхой төлөвлөгөөгөөр иргэддээ тайлбарлаж, итгэлийг хадгалж чадсан. БНСУ эрчим хүчний салбарт улс төрийн томилгоог хязгаарлаж, мэргэжлийн удирдлагын тогтолцоог хатуу баримталдаг. Ашиггүй, үр дүнгүй удирдлага хариуцлага хүлээдэг нь тогтсон жишиг. Эстони жижиг улс атлаа эрчим хүчний дижитал хяналтын систем нэвтрүүлж, алдагдлыг ил тод хэмжиж, олон нийтэд нээлттэй болгосон.
Хэрвээ эмнэлгүүд тог цахилгаангүй болж, амьсгалын аппарат унтарвал хэдэн иргэн амь насаа алдах вэ? Хэрвээ өвлийн хүйтэнд айлууд халаалтгүйгээс болж асуудал үүсвэл “чадал хүрээгүй” гэдэг үг хангалттай тайлбар болж чадах уу?
Бид тог тасарч, ирэхэд нь баярлаад л, хүлээж суудаг. Энэ бол бидний төлсөн татвар, төлсөн мөнгө. Төр иргэдийн өмнө тайлбар өгдөг биш, үр дүн гаргадаг байх ёстой.
Эрчим хүч зогсвол зөвхөн гэрэл унтрахгүй, улсын ирээдүй унтарна. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш, ирээдүй болсон хүүхэд, залуусын амьдрал, боловсролд асар том сөрөг нөлөө үзүүлнэ. Танд халаалтгүй, гэрэлгүй өрөөнд даалгавраа хийж суух хүүхдүүдийн ирээдүй төсөөлөгдөж байна уу?
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








