УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулав. Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.
-Хоёр талтай би эртний танил хүмүүс. Саяннямбуугийн аавтай би олон жил төрийн байгууллагад ажилласан. Ажил хэргийн болон ах дүүгийн холбоотой. Ц.Санжаачойпэлтой манай хууль зүйн фэрм 2020 оноос хойш гэрээтэй ажиллаж байгаа. Гэрээний дагуу ажиллахаас өөр аргагүй. Ямар ч байсан энэ хүнд хариуцлагыг нь хүлээлгэнэ. Би өмгөөлөгч гээд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хариуцлага хүлээлгэхгүй, хэрэгсэхгүй болгоно гэсэн зүйл байхгүй. Үнэхээр гэмт хэрэг хийгээгүй хүнийг хэрэгсэхгүй болгоно гэж ажиллана. Гэмт хэрэг үйлдчихсэн хүнийг ямар боломжийн хариуцлага хүлээлгэх вэ гэдэг талаас нь л ажиллана шүү дээ. Тэр утгаараа эхний өдрөө өөрт нь хэлсэн. Нас биед хүрсэн хүнийг аав, ээжтэй нь яриад байлтай биш. Санжаачойпэлд өөрт нь "Чи бол ял авна. Хариуцлагаа хүлээх ёстой" гэсэн. 20-нд гэмт хэрэг гарсан. 22-нд АНУ явж дипломоо гардаж авах байсан. Явж болохгүй, онгоцны тийзээ цуцал. Би өөрөөр нь онгоцны тийзийг нь цуцлуулаад, хариуцлагаа хүлээчихээд яв, хэдий олон жил зугтаж явах юм. Хэзээ нэгэн цагт хариуцлагаа хүлээж таарна. Саяннямбуугийн ар гэрт "Би энэ хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэнэ. Гэхдээ хохирлыг нь хамгийн сайнаар барагдуулахын төлөө ажиллана. Та нарын хоорондын эв зүйг олж өгнө" гэдэг байдлаар л аль аль талд нь хандсан. Энэ бол хоёр талд ажиллаад байгаа юм биш. Эвлэрэх орон зай юу байна, тэрэн дээр нь ажилласан. Ар гэртэй нь хохирогчийн аавыг уулзуулсан. Тухай бүрт нь уучлалтыг гуйлгуулахыг нь гуйлгуулаад, хохирол бүрийг тухай бүрт нь төлүүлээд, анхнаасаа гэм буруугаа хүлээгээд явсан. Нэг ч удаа би гэмт хэрэг үйлдээгүй, би ял авах ёсгүй гэдэг байдлаар хандаагүй. Өнөөдөр ч гэсэн шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн юм чинь хариуцлагаа хүлээнэ гэдэг байдлаар оролцсон. Бодож байсан ялаа л авлаа.
-Зорчих ялыг хязгаарласнаар тухайн гэмт хэрэгтэн өөрийн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч, ухамсарлаж чадах уу?
-Ял оногдуулах зорилго нь юу юм гэдэг хууль дээр байгаа шүү дээ. Хохирол барагдуулах, нийгэмшүүлэх, цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх тодорхой зорилгуудын хүрээнд хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа шүү дээ. Тухайн тохирох хариуцлагыг нь хүлээлгэнэ. Хуучин эрүүгийн хуулиар зөвхөн хорих ял оногдуулдаг, ялын төрөл нь цөөн байсан. Шинэ Эрүүгийн хуулиар ялын төрлийг нэмээд, энэрэнгүй ёсны зарчмыг илүү хангаж, дэлхийн эрүүгийн эрх зүйн загвар хууль дээр нийцүүлж хийсэн.
Шүүх дээр би хэлсэн. Энэ хүний зөрчигдсөн эрх урьдын анх байснаар хэзээ ч сэргэхгүй. Тэр байдалд нь хүрэхүйц болох хэмжээнд сэргээж, аль болох дөхөх боломж юу байна тэр байдал руу л явуулсан. Хохирлыг бол барагдуулсан. Эцэг эхчүүд хоорондоо уулзаад хэн ямар хариуцлага хүлээх нь гол биш. Энэ хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал. Тиймээс эцэг эхчүүд нийлээд хүүхдийн эрүүл мэндийг аль болох урьдын хэвэнд нь оруулахаар байнга уулзаж байсан.
Манай нөхцөлд хүн шоронд орвол буцаж нийгэмшиж чаддаггүй. Зориуд гэмт хэрэг үйлдээд буцаад шорон руугаа явдаг. Тэгэхээр манай нөхцөлд хорилоо гээд нийгэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нэг ч өдөр байхгүй. Анхны мэдүүлэг дээрээ хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм





