Гамшгийн эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хурал өнөөдөр /2026.01.30/ болж, НИТХ-ын дарга А.Баяр гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гурван үндсэн чиглэлийг танилцууллаа.
Тэрбээр 2025 онд нийслэлийн хэмжээнд галын дуудлага өмнөх оноос 32 хувиар өсөж, гал түймрээс учирсан хохирол 26.2 тэрбум төгрөгт хүрснийг онцлов. Судалгаагаар нийслэлд гарч буй гал түймрийн 87–90 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн мэдлэг мэдээлэл дутмаг, санамсар болгоомжгүй, ил галын зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй болох нь тогтоогдсон байна.
Одоогоор гал унтраах ангиуд дуудлага авснаас хойш 14–17 минутын дотор очиж байгаа ч үүнийг 10–13 минут болгон богиносгох боломжтойг дурдав. Үүнтэй холбоотойгоор 2026 онд Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулж, хотын 19 байршилд өндрийн камер суурилуулах, галын автомашин, алба хаагчдыг камер, GPS-тэй болгох замаар аврах ажиллагааны шуурхай, үр нөлөөг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хийн түлшний аюулгүй хэрэглээ, газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээ, сургалт, дадлагыг тогтмолжуулах шаардлагатайг онцоллоо.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







