Баатарсайханы Амарсайхан, Цэрэнпунцагийн Санжэйчойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан бүлэг зодооны хэргийн явцад шүүхээс гадна бизнесийн ёс зүй, cancel culture буюу татгалзах соёлын асуудал хөндөгдөж байна.
Б.Амарсайхан бол дэлхийд алдартай “Тоёота”-гийн борлуулагч “Тоёота Таванбогд”, Кемпински зочид буудал, KFC сүлжээний франчайз эрхийг Монголд авсан Ц.Баатарсайханы хүү, “Говь” компанийн гүйцэтгэх захирал. Харин Цэрэнпунцагийн Санжэйчойпэл бол дэлхийд алдартай Pepsi-г Монголд үйлдвэрлэх эрх эзэмшигчийн хүү.
Дэлхийд нэр алдартай эдгээр компаниуд бүгд ёс зүйн хэмжээ, дүрэм журам мөрддөг. Жишээ нь дэлхийд хамгийн олон сая машин үйлдвэрлэгч Тоёота компани Toyota Code of Conduct буюу ёс зүйн дүрэмтэй. Энэ дүрмээр түншүүдээсээ ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай байх гэмт хэрэг, хүчирхийллээс зайлсхийхийг шаарддаг. PepsiСо бол Global Code of Conduct буюу олон улсын ёс зүйн дүрэм мөрддөг. Франчайз, дистрибьютерээр ажилладаг нь шууд хяналтаас зайлсхийх боломж мөн үү? Хэрвээ гэр бүлийн гишүүд, хүүхэд, залгамжлагчдынх нь ёс зүй, гэмт хэрэг брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл дэлхийд нэртэй компаниуд түншлэлээ эргэж хардаг. Олон нийтийн шүүмжлэл их байвал reputational risk буюу нэр хүндийн эрсдэлээ тооцож, PepsiCo, KFC-г эзэмшигч Yum brands, Тоёота түншээ солих, гэрээгээ цуцлах хүртэл алхам хийдэг байна.
Cancel culture хэмээх татгалзах соёл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол бойкотлох цуцлах олон нийтийн хөдөлгөөн. Америкт бидний мэдэх спортын хувцасны Nike брэнд улс төрийн маргаанаас болж татгалзах соёлын хөдөлгөөнтэй тулгарч байсан. Улс төр, мөнгөний давуу эрх эдлэгсдийн эсрэг хөдөлгөөн дэлхийн хаа сайгүй түгээмэл гардаг. Хүмүүс бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах, үйлчлүүлэх, хэрэглэхээс татгалздаг. Татгалзах соёл бол аль ч салбарыг илүү хариуцлагатай болгох, ёс зүй шаардах үр дүнтэй арга зам юм. Нуур цөөрөм давалгаагаараа эрэг дээр хогоо гаргаж өөрийгөө цэвэрлэдэгтэй адил нийгэм нийтийн ёс зүйн хөдөлгөөн. Нийгмийн соёлын түвшин, ой санамжийн хувьд мартамхай Монголд cancel culture хэвшин тогтоогүй, одоогоор сошл орчны хэмжээнд байгаа ч цаашдаа төлөвшиж хөгжих эхлэл иймэрхүү хэрэг явдлаас үүдэн бүрэлдсээр байна.
АДМИН








Нийгэм





