Монгол улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Л.Сосорбарам арслан Төв аймгийн хуучнаар Баянбараат, одоогийн Баян-Өнжүүл суманд 1937 онд төрсөн.
ХААДС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөөд насаараа төрөлх сургуульдаа багшилсан бөгөөд бага залуу наснаасаа Монгол бөхөөр хичээллэж, улмаар 1959 оны МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 давж гуравдугаар байрт шалгаран улсын заан цол хүртсэн. Мөн оны улсын баяр наадамд зургаа давж шөвгөрсөн.
- 1960 оны улсын наадамд тав давж шөвгөрөн тун ч тодорхой чимэг,
- 1961 оны улсын баяр наадамд идэр шаламгай чимэг,
- 1962 оны улсын баяр наадамд тав давж үнэн хүчит чимэг,
- 1963 оны улсын баяр наадамд долоо давж шөвгөрөн саруул сайхан чимэг хүртэж,
- 1963 оны наадмын дараа болсон МБАТ-ний хоёрдугаар спартакиадын 29 бөхийн тойргийн барилдаанд өвдөг шороодолгүй 28 даван түрүүлж улсын арслан цол авсан.
- 1964 оны оны наадамд зургаа давж, улам нэмэх чимэг,
- 1965 оны баяр наадамд тав даван шөвгөрч бат хүчит чимэг,
- 1968 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч бат хүчит чимэг,
- 1969 оны баяр наадамд зургаа давсан (чимэг олгоогүй),
- 1970 оны улсын баяр наадамд зургаа даван бат суурьт чимэг,
- 1971 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч тод сонин чимэг,
- 1974 оны баяр наадамд тав даван шөвгөрч саруул сайжрах чимэг,
- 1984 оны баяр наадамд тав даван шөвгөрч манлайн дэлгэрэх чимэг тус тус нэмжээ.
Тэрбээр баруун талтай, тахимдах, тойгдох мэхийг дадамгай хийдэг. Уран гараа дэвээтэй, хурдан шуурхай барилдаантай хүчит бөх байлаа.
Монгол бөхийн төрлөөр залгамж халаа, олон арван алдар цуут шавь бэлдэн төрүүлсэн гавьяаг нь үнэлж төр засгаас Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол олгосон байдаг.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, шогч, хөдөлмөрч зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн олон арван амжилт бүтээл нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар, ахан дүүс, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Бөхийн холбоо
|
АДМИН







Нийгэм







