Монголын Үндэсний музей XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан музейн сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Сэнгэбазарын Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын адууны соёлын бэлгэдэл, морин шүтээнийг цогцоор нь харуулсан “ӨНӨ МӨНХИЙН МОЛОР ЭРДЭНЭ” тусгай үзэсгэлэнгээ нээлээ.
Үзэсгэлэнд адууны соёлд холбогдох бурхан шүтээн, шашны эд хэрэглэл, монгол зураг, баримал зэрэг урлагийн ховор нандин бүтээлүүд, адуу малын тоног хэрэгсэл зэрэг 200 гаруй үзмэр дэлгэгдсэн бөгөөд адуу, морин шүтээн, бэлгэдлийн уялдаа холбоог сэдэвчилсэн, цогц байдлаар хүргэхийг зорьж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн (Ph.D) албан ёсоор нээж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батбаяр, Монгол Улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Малчин, XX зууны манлай хүлэгч Д.Даваахүү, Монгол Улсын Тод манлай уяач цолтой уяач Ц.Дуламсүрэн нар хүндэтгэл, мялаалгын үг хэллээ.
“ӨНӨ МӨНХИЙН МОЛОР ЭРДЭНЭ” үзэсгэлэн нь үзэгчдэд монголчуудын адуутай холбоотой шүтлэгийн уламжлал, бэлгэдлийн сэтгэлгээг нэгэн дор цогцоор нь мэдрэх боломжийг олгох бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл, хүүхэд багачууд, судлаачид, гадаад дотоодын жуулчдад зориулсан соёлын ач холбогдол бүхий тусгай үзэсгэлэн юм.
|
Эх сурвалж
| Монголын үндэсний музей
|
АДМИН







Нийгэм








