Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тог тас болсон хэвээрээ байна. Гуч хоногт багтаан эмхэлж цэгцлэх үүрэг авсан Эрчим хүчний сайд өөрөө ч үүндээ итгэхгүй байна. Дөрвөн жилийн туршид аргалж бараагүй хүн сарын дотор чаргалж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Эрчим хүчний сайд албан тушаалаа өгч чадна гэж тог тасалж цочоодог сайд тогонд цохиулсан юм шиг цочтол хэллээ.
Монголын төр тог залгахдаа бүү хэл тог таслахдаа ч хэлсэндээ хүрэхгүй хуваариараа унтраахгүй, хуваариараа ч асаахгүй байна. Тоггүй удаа сууснаас тогонд цохиулах юмсан гэдэг хүсэлтэй хүн ч олширсон байна.
Гэрлийн хулгайн хэрэгт Н.Тавинбэх тэргүүтэй Б.Чойжилсүрэнгийн ангийн, сумын нөхөд, зөвлөх, шадрууд нь харанхуй засгийн хар гэрт суух болсон ч хариуд нь гэрэл асаж, гэгээ татахгүй юм.
Унтраалга дарах ээлж аргална даа гэсэн Б.Чойжилсүрэнд л таарсан болохоос бус, нар, салхийг буруутгадаг ч гэлээ 30 жилд 9 цахилгаан станц барих ажлыг царцаасны үйлийн үр болсон. Тог илүүдвэл аюул болно, 5000 хятад инженер, ажилчин станц барих гэж орж ирснээс эх орондоо баатарлагаар хөлдье гэсээр байсны улмаас гэр гэртээ сүүмэлзэнхэн сүүдгэнэхээс өөр аргагүй байна.
Б.Чойжилсүрэн 4 жил сайд хийхэд тогны хүчин чадлаа 50 хувь нэмсэн ч өөрийнх нь барьсан хорооллууд гэх мэтээр эрэлт хэрэгцээ нь суга өсөж байгаа юм.
Татвар төлөгчдийн мөнгөөр бяслаг шахдаг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхдаа 2018 онд Багануурын цахилгаан станцыг 350 мегаватт үйлдвэрлэж тог илүүдвэл ТЭЦ-4 зогсох аюул болно гээд зогсоосон. Өнөөдөр Багануурын станц ч үгүй, ТЭЦ-4-ийн зуух нь эвдрээд зутарч байна. Тог илүүдээд тасраагүй, тог дутаад тасарч байна. Ц.Даваасүрэн эрчим хүчний сайд байхдаа гэрэл асчих вий гэсэн юм шиг Багануур, Тавантолгойн цахилгаан станцуудыг цаасан дээр нь царцаасан юм. Тавантолгойн станц гацсаны хүчинд Оюутолгой Хятадаас жилд 200 сая доллароор тог авч байна. ТЭЦ-2 65 тай, ТЭЦ-3 58 настай, Улаанбаатарын цахилгааны 70, дулааны 65 хувийг даадаг ТЭЦ-4 43 настай. Зуух нь турбинаа тултал халдаг тул эвдэрч гэмтэж, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хөлдөж осгохын даваан дээр байна.
АДМИН








Нийгэм







