Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг болон Боловсрол, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагууд УИХ-ын Тамгын газрын дарга П.Батбаатар болон холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр /2026.02.06/ уулзалт хийлээ.
УИХ-ын дарга Н.Учралд МҮЭХ-ноос өмнө нь хүргүүлсэн хөдөлмөрчдийн эрх ашиг, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой шаардлагын хүрээнд уулзалт зохион байгуулагдав.
Уулзалтын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир:
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрүүд хангалтгүй хэрэгжиж, Засгийн газрын зарим тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, улсын болон салбарын хэлэлцээртэй зөрчилдөж, УИХ-аас баталсан төсвийн хүрээнд цалин хөлс бүрэн олгогдохгүй байгаагаас гишүүд, хөдөлмөрчдөөс олон гомдол, шаардлага ирж байгааг онцлов. Тэрбээр УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлэх, мөн хууль зөрчиж гарсан Засгийн газрын 224, 225 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг албан ёсоор шаардав. Хэрэв асуудал шийдвэрлэгдэхгүй бол үйлдвэрчний эвлэлүүд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тэмцлийн хэлбэрт шилжих, цаашлаад нэгдсэн ажил хаялт зарлах нөхцөл үүсээд байгааг мэдэгдлээ.
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нар:
- Цалин бодох журам байнга өөрчлөгдөж, ойлгомжгүй болсон
- Эрүүл мэндийн салбарт хоёр өөр үндсэн цалингаас цалин бодож байгаа
- Илүү цагийг 80 цагаар хязгаарлаж, түүнээс дээш илүү цагийг хасаж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг үүсгэж буй
- Төрийн албаны 9 хувийн цомхотгол удирдлагын түвшинд бус, жолооч, үйлчлэгч, техникийн ажилтан гэх мэт дэмжих үйлчилгээний ажилтнуудад чиглэж байгаа
- Хүнд нөхцөлд хамаарах ажлын байрууд холбогдох тогтоолд хамрагдахгүй байгаа зэрэг ноцтой асуудлуудыг хөндөн тавилаа.
УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар: Цалин нэмэх асуудал хуульд тусгагдсан тул Засгийн газар заавал хэрэгжүүлэх үүрэгтэйг онцолж, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр засгийн газарт хүргүүлсэн албан тоотын хариуг албан ёсоор мэдэгдэхээ илэрхийлэв.
Мөн УИХ-ын хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх бөгөөд уг асуудлыг чуулганы үеэр дахин хэлэлцэх, нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой гэдгийг дурдлаа.
Уулзалтын төгсгөлд талууд:
- 2026 оны улсын төсөвт тодотгол хийх
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид үйлдвэрчний эвлэлийн саналыг тусгах
- Цалин хөлсний цогц бодлого хэрэгжүүлэх,
- 2026–2028 оны Улсын хэлэлцээрт анхаарал хандуулах
- Нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах
- УИХ-ын хаврын чуулганаар сонсгол зохион байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
АДМИН






Нийгэм








