Байгальтай олон зууны турш зохицон амьдарч ирсэн Монголын нүүдэлчдийн өв уламжлал өнөөдөр анги танхимд шинэ утга агуулгаар амь орж байна. ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн боловсрол–2030 хөтөлбөрийн хүрээнд өвөг дээдсийн мэдлэг, туршлагыг соёл, өв уламжлал, байгаль орчны хамгаалалт, тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан ирээдүй хойч үед дамжуулахыг зорьж байна.
Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд орших ерөнхий боловсролын сургууль энэхүү алсын харааг бодитоор хэрэгжүүлж буй тод жишээ юм. 652 сурагч, 60 ажилтантай тус сургууль нь чанартай боловсрол олгохын зэрэгцээ тогтвортой байдлыг сургалтын өдөр тутмын үйл ажиллагаанд шингээж, сурагчдыг нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч байна.
Сургуулийн хэрэгжүүлж буй “Ирээдүйн хөтөч” хөтөлбөр нь сурагчдыг өнгөрсөн үеийн мэдлэг, өв уламжлалаа ирээдүйн хариуцлагатай хөгжилтэй холбож, соёл, байгаль орчны элч төлөөлөгч болоход уриалж байгаа юм.
ӨВ СОЁЛ, БАЙГАЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ НАР
Дадал суманд тулгарч буй тогтвортой хөгжлийн асуудлууд нь орон нутгийн соёлын өвөрмөц онцлогтой салшгүй холбоотой. Тус бүс нутгийн цөөнх болох Буриад зон орчин үеийн хурдацтай хөгжил, шилжилт хөдөлгөөн, дижитал орчны нөлөөгөөр ёс заншил, хэл, уламжлалт амьжиргаагаа аажмаар алдах эрсдэлтэй тулгараад байна.
Үүнийг даван туулах зорилгоор тус сургууль “Өв соёл, байгалийн залуу хөтөч” санаачилгыг эхлүүлжээ. Сурагчид Онон Балжийн байгалийн цогцолборт газраар зочлон Буриад хэл, соёлыг суралцаж, өвөг дээдсийн мэдлэгийг бодитоор судалж байна. Сургуулийн дотор байгуулсан соёлын буланд туг, сүүн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт багаж, тэрэг зэрэг өв соёлын эд өлгийн зүйлсийг дэлгэн байршуулж, анги танхимыг дурсамж, амьд туршлагаар баяжуулсан орчин болгожээ.
.jpg)
Сурагчид мод тарих, соёлын дурсгалт газрыг цэвэрлэх, хог хаягдал цуглуулах зэрэг сайн дурын ажилд оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг амьдрал дээр хэрэгжүүлж байна.
Соёл, түүх, байгаль орчны мэдлэгтээ тулгуурлан сурагчид жуулчдад “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн түүхэн дурсгалт газруудыг тайлбарлан замчилж байгаа юм. Тэд газарзүй, түүх, байгалийн дурсгал, орон нутгийн домог яриаг дөрвөөс есөн үе дамжсан гэр бүлийн түүхтэй уялдуулан танилцуулж байна.
2025 оны 7-р сар гэхэд Дадал сумын соёлын “бахархал” болсон 9 байршлаар 120 гаруй дотоод, гадаадын зочин сурагч, хөтөч нарын тайлбарыг сонсож, нийгэм, өв уламжлал, боловсролын хооронд гүүр болжээ.
.jpg)
ТУРШЛАГААР ДАМЖУУЛАН СУРАЛЦАХ НЬ
2023 оноос уг хөтөлбөрт хамрагдсан 9-р ангийн сурагч Үжин энэхүү санаачилгын үр нөлөөг тод харуулж байна. Буриадын уламжлалыг эрхэмлэн хадгалдаг гэр бүлд өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг тэрээр өөртөө итгэх итгэл, хариуцлагын мэдрэмжээ бодит амьдрал дээр хөгжүүлжээ.
Түүний өдөр тутмын амьдралд хичээл сургуулиас гадна үнээ саах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, ааруул хийх зэрэг уламжлалт дадал зуршлууд багтдаг. Үүний зэрэгцээ тэрээр жуулчдыг түүх, соёлын дурсгалт газруудаар хөтөлж, үеэс үед уламжлагдан ирсэн түүхээ сурталчилж байна.
.jpg)
Үжин 9-р ангийн сурагч “Би зочдыг хөтлөхдөө түүх, амьдралын хэв маягаа хуваалцаж байгаадаа бахархдаг. Газар нутаг, уламжлалаа хамгаалах нь яагаад чухал болохыг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг”.
Эдгээр туршлагын үр дүнд Үжин зөвхөн хөтөч бус, соёлын залуу элч болж буй нь ЮНЕСКО-гийн нийгэм, өвөрмөц байдал, тогтвортой хөгжлийг уялдуулсан боловсролын үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж байна.
СОЁЛ, БАЙГАЛЬ ОРЧИН, ОЛОН НИЙТИЙГ ХОЛБОСОН БОЛОВСРОЛ
Багш нарын ажигласнаар энэхүү хөтөлбөр нь сурагчдын эх орон, нутгийнхаа талаарх ойлголтыг гүнзгийрүүлээд зогсохгүй түүнийг хамгаалах, бахархах чин хүсэл тэмүүллийг бий болгож байна. Суралцах үйл явц нь зөвхөн сурах бичгээр хязгаарлагдахгүй, бусдыг ойлгох, хариуцлагатай хандах, харьяалагдах мэдрэмжийг төлөвшүүлдэг амьд туршлага болжээ.
.jpg)
Дадал сумын энэхүү санаачилга нь ЮНЕСКО-гийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн боловсролын (ESD) хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн цогц хандлагыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, таван тэргүүлэх чиглэлийг бодит үйл ажиллагаагаар урагшлуулж байна. Сурагчид “Залуу хөтөч”-ийн манлайллын үүргийг гүйцэтгэснээр олон нийтийн оролцоо, үе хоорондын харилцаа улам бэхэжжээ.
Ийнхүү Дадал дахь боловсрол нь хүртээмжтэй, уян хатан, өөрийгөө нээх боломжийг олгосон хөдөлгөгч хүч болж чадсан байна. Соёл, өв уламжлал, амьдралын туршлагад суурилсан энэхүү боловсролын загвар нь орон нутгийн санаачилгыг үндэсний бодлоготой уялдуулж, залуу үед өөрсдийн мөн чанар, хүрээлэн буй орчноо хамгаалах үнэ цэнийг ойлгуулж байгаа юм. Нүүдэлчдийн мэргэн ухаан Монголын тогтвортой ирээдүйд үргэлжлэн нөлөөлөх суурь болж байна.

|
Эх сурвалж
| UNESCO
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








