Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,769 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,692 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 757 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 162, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 6, Эдийн засгийн гэмт хэрэг 3, Авлига, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 1 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Э-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, нөлөөллийн аяны сурталчилгааг хийж гүйцэтгүүлэхээр “гэрээ шууд байгуулах” нөхцөл бий болоогүй байхад нэр бүхий төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан, төлбөр шилжүүлсэн, бусад байгууллагатай байгуулсан гэрээний төлбөрийг дээрх төрийн бус байгууллагын дансаар авч бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Б, О.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сурталчилгааны материал хийлгүүлэх болон ариутгал, халдваргүйжлийн бодис худалдаж авахаар гэрээ байгуулсан компаниуд руу шилжүүлсэн төлбөрийг үргэлжилсэн үйлдлээр дансаар болон бэлнээр гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас дүүргийн Эрүүл мэндийн төвд 102,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- З.Б нь орон нутгийн замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, өөрийн эзэмшлийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсний хариуд үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан нийтийн албан тушаалтанд 3 сая төгрөгийг бэлнээр, 60 сая төгрөгийн үнийн дүн бүхий тээврийн хэрэгслийг хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн, мөн “хилийн хориг түр хугацаагаар цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсний хариуд бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Л.Я нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор нэр бүхий компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны хариуд гэрээний төлбөрөөс тодорхой мөнгийг хувьдаа буцаан аваар тохиролцож бусдын дансаар дамжуулан авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.Х нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 6 эмэгтэйг биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
- Д.О нь Төрийн орон сууцны корпорацын барьж буй барилгад зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө, орон сууцны зээлд хамруулна, үйлчилгээний талбай хямдхан зарна хэмээн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн 19 хүнд 491,4 сая төгрөг, М.О, Г.Х нартай үйлдлээрээ санаатай нэгдэж 45 хүнд 581,8 сая төгрөгийн хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 /Залилах/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Гадаад улсын иргэн Д.Т нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд,
- Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж, Монгол Улсын иргэн М.Н нар нь бүлэглэн 3,3 кг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд,
- Уул уурхайн менежментийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодис”-ын жагсаалтад багтсан “фторт устөрөгчийн хүчил”, “этилийн спирт” гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, авсан, тээвэрлэсэн, ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

АДМИН








Нийгэм








