Dark Light
Нийгэм | 2026-02-11

ИСПАНИ: ГАЛТ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ НАР АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Испанид галт тэрэгний жолооч нар төмөр замын аюулгүй байдал хангалтгүй байна гэж үзэн даваа гарагаас эхлэн улс даяар гурван өдрийн ажил хаялт зарлахаар болжээ.

Энэ шийдвэр нь нэгдүгээр сард гарсан хоёр том ослын дараа гарч байгаа юм. Нэгдүгээр сарын 18-нд өмнөд нутгийн Адамуз хотод өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч, эсрэг чиглэлд явж байсан өөр нэг галт тэрэгтэй мөргөлдсөнөөр 46 хүн амиа алдсан. Энэ нь сүүлийн арван жилд гарсан хамгийн ноцтой төмөр замын осол болсон. Урьдчилсан шалгалтаар зам дээр ан цав үүссэн байж болзошгүйг тогтоосон бөгөөд галт тэрэгнүүдийн дугуйн дээр ховил илэрсэн байна.

Үүнээс хоёрхон хоногийн дараа Барселонагийн ойролцоо дахин осол гарчээ. Галт тэрэг өнгөрөх үед хана нурж, жолоочийн кабин болон эхний вагон ихээр гэмтсэн байна. Үүний улмаас дадлагажигч жолооч амиа алдаж, дор хаяж 37 хүн бэртжээ.

Эдгээр ослууд нь зорчигчдын хөдөлгөөнд ихээхэн саад учруулж, урьд нь сайшаагддаг байсан Испанийн төмөр замын системийн аюулгүй байдалд эргэлзээ төрүүлээд байна. Галт тэрэгний жолооч нарын үйлдвэрчний эвлэл болох Семаф төмөр замын сүлжээ “тасралтгүй муудаж байна” хэмээн мэдэгдэж, илүү олон ажилтан авах, хөрөнгө оруулалт болон засвар үйлчилгээг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хоёр ослын дараах шалгалтаар зарим чиглэлд доголдол, засвар үйлчилгээний асуудал илэрсэн байна.

Ерөнхий сайд Педро Санчес энэ асуудлаар парламентад шүүмжлэлд өртөх төлөвтэй байгаа бол Засгийн газар сүүлийн жилүүдэд Мадрид–Андалусия чиглэлийн шугамыг шинэчлэхэд 700 сая еврогийн хөрөнгө оруулалт хийснийг онцолж, дэд бүтцийн хуучрал, засвар үйлчилгээний дутагдал байхгүй гэж мэдэгдэж байна. Тээврийн сайд Оскар Пуэнте мөн ийм асуудал байхгүй гэж няцаажээ.

Товчхондоо, ослуудын дараа төмөр замын аюулгүй байдлын талаар маргаан ширүүсэж, жолооч нар аюулгүй орчныг сайжруулах шаардлага тавин ажил хаялт зарлахаар болоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07