Канадын Бритиш Колумбиа мужийн Тамблер Ридж хотод гарсан буудлагын улмаас найман хүн амиа алдаж, 25-аас доошгүй хүн шархадсан харамсалтай хэрэг гарлаа. Уг хэрэгт 18 настай Жесси Ван Рутселаарыг сэжигтнээр татаад байна.
Канадын Хааны Морьт Цагдаагийн (RCMP) мэдээлснээр сэжигтэн хэргийн газраас өөрийгөө буудсан шархтайгаар нас барсан байдалтай олджээ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Буудлага эхлээд ойролцоох нэгэн байшинд гарсан бөгөөд тэнд сэжигтний 39 настай ээж болон 11 настай хойд дүү нь нас барсан байдалтай олдсон байна. Үүний дараа сэжигтэн Тамблер Ридж дунд сургууль руу очиж, гал нээжээ. Сургууль дээр гарсан халдлагын улмаас 39 настай эмэгтэй багш, 12 настай гурван охин, мөн 12 болон 13 настай хоёр хүү амиа алдсан байна. Нийтдээ зургаан хүн сургууль дээрээ амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Эрх баригчид уг хэрэгт өөр сэжигтэн байхгүй гэж үзэж байна.
RCMP-ийн дэд комиссар Дуэйн Макдональдын мэдээлснээр, Жесси Ван Рутселаар төрөхдөө эрэгтэй хүйстэй байсан ч ойролцоогоор зургаан жилийн өмнөөс эмэгтэй хүйсийн баримжаагаар амьдарч эхэлсэн байна. Түүнчлэн сэжигтэн өмнө нь хүчинтэй бууны үнэмлэхтэй байсан ч хугацаа нь дууссан байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд сэжигтний гэрт хэд хэдэн удаа дуудлагаар очиж байсан бөгөөд зарим нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байжээ. Бритиш Колумбийн Ерөнхий сайд Дэвид Эби “Бид тухайн этгээдтэй холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, харилцан ажиллагааг тодруулах чиглэлд хамтран ажиллаж эхэлсэн” хэмээн мэдэгдсэн байна. Жесси Ван Рутселаар нь дөрвөн жилийн өмнө Тамблер Ридж дунд сургуулийг төгссөн болохыг мөн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм







