Dark Light
Нийгэм | 2026-02-12

УИХ-ЫН ДАРГЫН ОХУ-Д ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доктор /Ph.D/ А.Нямдолжин  УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үр дүн, ач холбогдлыг ийнхүү дүгнэж байна. 
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь Монгол-Оросын харилцаанд олон түвшинд бодит үр дүнг бий болгох стратегийн ач холбогдолтой алхам юм. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, эрх зүй, институцийн болон хүмүүнлэгийн түвшинд гүнзгийрүүлэх боломж бүрдэж байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа өргөжих нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад эрх зүйн уялдаа холбоог бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалт, тээвэр, хил орчмын хамтын ажиллагаа, эрчим хүч зэрэг чиглэлүүдэд байгуулагдсан болон цаашид байгуулагдах гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон батлах, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хангахад парламентын үүрэг шийдвэрлэх ач холбогдолтой. Эрчим хүчний салбар нь хоёр орны харилцааны стратегийн гол чиглэл хэвээр байгааг онцлох хэрэгтэй. Нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүчний импортын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, тариф, үнэ, логистикийн асуудлаар улс төрийн дэмжлэг авах боломжийг бий болгож байна. Тээвэр, логистикийн салбар нь Монголын Евразийн транзит тээврийн коридорт эзлэх байр суурийг бататгах, Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, транзитын орлогыг өсгөх чухал ач холбогдолтой. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг геополитикийн өндөр эрсдэлгүй, харьцангуй тогтвортой хүрээнд хөгжүүлэх боломжийг бий болгож байна. ОХУ-д суралцах оюутны квот, шинжлэх ухаан, архив, хамтарсан төсөл, соёлын солилцоо нь ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, зөөлөн хүчний суурийг бэхжүүлэхэд чухал  үр нөлөөтэй. Парламент хоорондын институцийн түвшний хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хангах гол бүрэлдэхүүн хэсэг юм. Байнгын хороод, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын нягт харилцаа, холбоо нэмэгдэх нь хууль тогтоох байгууллагуудын үр дүнтэй оролцоог хангах, улс төрийн тогтвортой байдлыг баталгаажуулах, хамтын ажиллагааны урт хугацааны институцийн залгамж чанарыг хадгалахад чухал үр дүнтэй. Ийнхүү УИХ-ын даргын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр талын харилцааг институцийн түвшинд бэхжүүлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, ард түмний итгэлцэлийг гүнзгийрүүлэх стратегийн ач холбогдол бүхий алхам болохыг онцолж болно.
Түүнчлэн орчин үеийн олон улсын харилцаанд парламентын дипломат ажиллагаа нь бодлогын тогтвортой байдал, эрх зүйн баталгааг хангах, улс төрийн харилцаанд илүү өргөн институцийн үндэс суурийг бүрдүүлэх үүрэгтэй болсныг онцлох нь зүйтэй. Мөн Олон Улсын Парламентын Холбоо, Азийн Парламентын Ассамблей гэх мэт бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын хүрээнд харилцан уялдаа холбоог нэмэгдүүлэх нь хоёр улсын байр суурийг тодорхой асуудлуудаар ойртуулах, олон талт дипломат оролцоог дэмжих боломжтой. Энэ утгаараа тус айлчлал нь гадаад бодлогыг зөвхөн засгийн газар төвтэй хэрэгжүүлэх хэлбэрээс илүү өргөн хүрээтэй, олон сувгийн дипломат харилцаагаар баяжуулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, гадаад бодлого нь нэг институцэд төвлөрсөн шийдвэр бус харин төрийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурласан тогтолцооны шинжтэй болохыг харуулж байна.
ОХУ олон улсын хориг арга хэмжээ, геополитикийн дарамттай нөхцөлд байгаа энэ үед парламентын түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа тасраагүй, төрийн байгууллагын түвшинд хэвийн үргэлжилж буйг илтгэхийн сацуу энэ нь геополитикийн сонголт хийсэн хэрэг бус, харин Монгол Улс уламжлалт “гуравдагч хөршийн бодлого”-оос ухралгүйгээр ОХУ-тай стратегийн харилцаагаа хадгалан тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буйн илэрхийлэл юм. Иймээс УИХ-ын даргын айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг тогтолцооны хувьд бататгах, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, мөн улс төрийн итгэлцлийг хадгалах олон давхар үр нөлөөг агуулж байна гэж дүгнэж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07