Нийслэлийн Түргэн тусламжийн төвд өдөрт дунджаар 1200-1300 дуудлага ирдэг байна. Харин Цагаан сар болон бусад баяр ёслолын үеэр дуудлагын тоо эрс нэмэгддэг.
Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ нэмэгддэг нь дуудлага өсөх гол шалтгаануудын нэг юм. Энгийн үед нийт дуудлагын дөрөвний нэг орчим нь архитай холбоотой байдаг бол баярын үеэр энэ үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байдаг.
Мөн ходоод, гэдэсний хямралтай холбоотой дуудлага дийлэнх хувийг эзэлж байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр биеэ авч явах чадваргүй болох, гудамжинд унтаж осгох, хөлдөх, архины гүн хордлогод орох зэрэг эрсдэл үүсдэг. Түүнчлэн олон хоног дараалан архи, дарс хэтрүүлэн хэрэглэх нь маргаан, зодоон үүсгэж, улмаар гэмтэж бэртэх тохиолдол нэмэгддэг.
Иймд иргэд архи, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах, зохистой хооллохыг зөвлөж байна. Богино хугацаанд хадгалж хэрэглэх ёстой хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалж хэрэглэх нь ходоод, гэдэсний хямрал үүсгэх эрсдэлтэй. Хүнсний бүтээгдэхүүнийг хонуулах бол заавал хөргөгчинд хадгалж, таглаатай саванд хийж, нян, бактер үржих нөхцөлийг багасгах хэрэгтэй.
Иргэдийг эрүүл, зөв хооллож, баяр ёслолоо аюулгүй тэмдэглэхийг уриалж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








