Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.14/ эхэллээ.
СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүллээ. Тэрбээр “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан” гэдгийг онцлов.
Ээлжит бус Их Хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.
Тэрбээр “МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, оролцоо, манлайллын үр дүнд бүх шатны сонгуульд намын олон ялалтыг байгуулж байсан. Манай Х.Булгантуяа ерөнхийлөгч Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог тэргүүлж ажиллах он цаг хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг баталж, эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатны сонгуульд нэр дэвших жендэрийн квотыг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлал гаргаж, идэвхтэй байр суурийг илэрхийлж ажилласны үр дүнд өнөөдөр түүхэнд анх удаа УИХ-ын нийт гишүүдийн 4-ний 1 буюу 32 эмэгтэй гишүүн, тэр дундаа манай намын 15 эмэгтэй УИХ-ын гишүүн сонгогдон ажиллаж байгааг бахархалтайгаар хэлэхийг хүсэж байна” гэлээ.
Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос нийт 521 төлөөлөгч оролцож байна.
Тус холбоо нь 1994 оны арваннэгдүгээр сард “Эмэгтэйчүүд-Хөгжил хөдөлгөөн” нэртэй анхдугаар чуулганаа хийж, хөдөлгөөнийхөө дүрмийг баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажлын чиглэлээ гаргаж байсан түүхтэй.
Одоогоор холбоо нь 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, хороодод салбар зөвлөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа илтгэлээ танилцуулж, хуралдаан үргэлжилж байна.
АДМИН








Нийгэм









