Нигерийн баруун хойд хэсэгт орших Нигер мужийн гурван тосгонд мотоциклтой зэвсэгт этгээдүүд үүрээр дайралт хийж, хэдэн арван хүний аминд хүрчээ. AFP агентлагийн мэдээлснээр халдагчид иргэдийг буудан хөнөөж, заримынх нь хоолойг тасдаж, байшингуудыг галдан шатаан, тодорхойгүй тооны хүнийг хулгайлсан байна.
Халдлага бямба гарагийн өглөө Тунга-Макери тосгонд эхэлж, улмаар ойролцоох Конкосо, Писса тосгонд үргэлжилжээ. Нигерийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Васиу Абиодун Тунга-Макерид зургаан хүн амиа алдсан, хэд хэдэн байшин шатаж, тодорхойгүй тооны хүн хулгайлагдсан гэж мэдэгдсэн байна. Гэрчүүдийн хэлснээр Конкосод ихэнх байшин шатаж, дөрвөн эмэгтэйг барьцаалжээ. Харин Писса тосгонд халдагчид цагдаагийн байр руу дайран гал тавьж, нэг хүнийг хөнөөсөн байна.
Амиа алдагсдын тоо эх сурвалжаас хамааран зөрүүтэй байгаа бөгөөд Reuters агентлаг 32 орчим хүн нас барсан гэж мэдээлсэн бол AFP дор хаяж 46 хүн амиа алдсан гэж дурджээ. Ойролцоох бусад сууринд нэмэлт халдлага болсон эсэх болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр халдагчид тус бүр хоёр, гурван хүн тээвэрлэсэн 41 мотоциклтой ирсэн бөгөөд Нигерийн баруун хойд бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг “дээрэмчид” хэмээн нэрлэгддэг зэвсэгт бүлэглэлүүд халдлагыг үйлдсэн байж болзошгүй аж. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн халдлага, хүн хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгдэж, эрх баригчид аюулгүй байдлыг хангах шахалтад орсоор байна.
Үүний зэрэгцээ АНУ Нигерийн хойд хэсгийн Сокото мужид Христийн шашинтнуудын эсрэг халдлага гарсан талаар анхааруулж, ерөнхийлөгч Дональд Трамп хүчирхийлэл үргэлжилбэл хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. Гэвч улс төрийн хүчирхийллийг хянадаг байгууллагуудын мэдээлснээр жихадист халдлагын хохирогчдын дийлэнх нь лалын шашинтнууд байдаг аж.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








