Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсын хилээ зарж идсэн байна гэж Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ. Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд нар гуай гэдэг шиг иднэ иднэ гэхэд эх орны хилийн 34 мянган га газраа зарж идсэн байна. Зарж идсэн байна гэдгийн учир нь Засгийн газар “Эко смарт транс” компанид бариад ашиглаад шилжүүлэх концессын хуулиар биш бараа, үйлчилгээ шиг тендерийн хуулиар улсын дархан хил дээр нүүрс тээвэрлэх дархан эрх олгожээ. Жолоочгүй тээвэр нэвтрүүлнэ гээд жолоочтой ачаа явуулж, төрийн өмчийн 19,2 км зам дээр хувийн компани үнэ тариф тогтоож, улсын жолоо булаалдсан байна. Жолоочгүй тээврийн терминал байгуулах 95-р тогтоолоор жолоочтой тээвэр эрхэлж, 95 тэрбумын ашиг олсон байна. “Эко смарт транс” эх орны дархан хилийг эзэгнэхээсээ зургаахан сарын өмнө бүртгүүлсэн зузаан их туршлагатай компани. Хэнтийн Бэрхэд өссөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай шууд гэрээ хийсэн “Эко смарт транс”-ын эзэн ч Ж.Бямбадорж ч бас Хэнтийнх юм байна.
Боомтын сайд Б.Тулга боомтын сайд Б.Тулгадаа, өөрөө өөртөө үүрэг өсөн байна. Байгаль орчны сайд С.Одонтуяа чоно борооноор гэдэг байгалийн үзэгдлийг сануулах шиг дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон 2025 оны 6-р сарын 13-нд энэ компанид амжиж газар олгосон байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохоосоо 4 хоногийн өмнө улсын хилийн зурваст огт хэлэлцэлгүйгээр шууд алх буулган газар тасалж олгосон байна. Хууль бус гэсэнд дүгнэлт байсаар атал хуралд оруулсан, концессын хуулиа барина гээд улсын хилээ бараа шиг тендерийн хуулиар өгсөн, өөртөө үүрэг өгч өөрөө биелүүлсэн, явах хүн мөртлөө ачаа татаж зөвшөөрөл олгосон өмнө Засгийн сайд нар тосолсон гутлын мөр гурван үсэгтэй газрын зүг гарахаар боллоо.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









