“Гадаад улсын виз гаргана”, “Тийз зарна” гэж 1,8 тэрбум төгрөгийг залилж, оргон зайлсан этгээдийг Турк улсаас олж тогтоолоо.
“Виз гаргана”, “Тийз зарна” гэх үйлдлийн аргуудаар залилах гэмт хэрэг үйлдэж иргэдэд 1,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Н-ийг Бүгд Найрамдах Турк улсаас олж тогтоон, баривчлаад байна. Тодруулбал, 2022 оноос хойш Монгол Улс, Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага интерполын хөх булант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд Н-ийг мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, цагдаагийн ерөнхий газрын интерполын Үндэсний Төв товчооны ажлын алба, Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран энэ оны 2-р сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд Бүгд Найрамдах Турк улсын Станбул хотын нутаг дэвсгэрээс тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудаар саатуулах, баривчлуулах ажлыг зохион байгуулсан юм.
Уг этгээд нь бусдын бичиг баримтыг ашиглаж Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн этгээдийг Монгол улсад шилжүүлэн авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, оргон зайлах үедээ үйлдсэн бусад үйлдэл холбогдлууд болон Монгол Улсын хилээр хэрхэн нэвтэрсэн байдлыг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн гадаад улсын виз хямдхан гаргаж өгнө, тийз захиална гэх хувь хүн, баталгаат бус цахим хаягт итгэхгүй байх, найдвартай албан ёсны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагаас нислэгийн тийзийн үйлчилгээ авахыг зөвлөж байна. Мөнгө залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шат дараалсан ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









