Билгийн тооллын XVII жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч салбар салбартаа өндөр амжилт бүтээл гаргасан иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд Хөдөлмөрийн баатар цолоор Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэрийг, гавьяат тамирчин цолоор Т.Түвшинтулгыг шагнаж урамшуулсан бөгөөд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Хойч үедээ үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн түвшинд бэлтгэсэн багш таны хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчийнхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин таниар бахархаж байна” хэмээн онцлов.
Д.Сэрээтэр нь “Мехико–1968” зуны олимпын наадмын хүрэл, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага цолтой нэгэн. Харин Т.Түвшинтулга нь 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2014 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Монгол Улсын зургаан удаагийн аварга, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









