Улаанбаатар хотын нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Улаанбаатар Трамвай” төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр тус төсөл нь байгаль орчинд ээлтэй бөгөөд цахилгаан хөдөлгүүр нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хотын дуу чимээний бохирдлыг мэдэгдэхүйц багасгана хэмээн тодотгож байна.
Мэргэжлийн зөвлөлийн дэмжлэгийг авснаар дараагийн шатны ажлууд хэрэгжих боломж бүрдэж, барилга угсралтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх эрх зүйн үндэс болох юм.
Улаанбаатар Трамвай төслийг нийслэлийн хойд бүс болох зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, мөн Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд хэрэгжүүлнэ. Тус төслийг хэрэгжүүлснээр хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









