Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллан, тус боомт дахь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гадаад орчныг эмх цэгцтэй болгож, зорчигч, тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хилээр нэвтрүүлэхэд аливаа хүнд суртал, чирэгдэл гаргахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ГЕГ-аас хилийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тодруулбал, ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран, Хилийн боомтын газрын дарга, хурандаа В.Нямхайнямбуу, Боомтын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын газрын дарга Д.Балдорж, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр болон Тээврийн цагдаагийн албаны Зам, тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат зэрэг албаны төлөөллүүд уулзалтад оролцлоо. Мөн энэ үеэр Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага, сумын Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн салбарын төлөөллүүд цахимаар холбогдож өнөөгийн нөхцөл байдал, цаашид сайжруулах арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Замын-Үүд боомтын “гурвын хаалт” орчимд тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэж, нэвтрэх хөдөлгөөн удааширдаг асуудалд онцгойлон анхаарч хэлэлцэв. Тодруулбал, тус хэсэгт байрласан “Шунхлай” бензин түгээгүүрийн газар, үйлчилгээний төв, хяналтын бүсүүд зэрэг барилгуудыг нүүлгэн шилжүүлж, талбайг чөлөөлөх, тус хэсгийн ерөнхий зохион байгуулалтыг сайжруулж, зорчих урсгалыг саадгүй болгох, төрийн байгууллагууд нэгдсэн байдлаар мэдээллээ солилцох мөн үйл ажиллагааг цахимжуулах замаар нэвтрэх процессыг илүү шуурхай, үр ашигтай болгох боломжтой талаар талууд санал солилцлоо. Энэ үеэр Замын-Үүд сумын ИТХ-ын зүгээс төр, хувийн хэвшлийн оролцоотой 500 машины зогсоолыг хийж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Уулзалтын төгсгөлд ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран “Энэхүү уулзалтаас харахад бид цаашид хамтын ажиллагаагаа сайжруулах бүрэн боломжтой. Иймд орон нутаг болон төрийн байгууллагуудын зүгээс идэвх санаачилгатай байж, боомтын эмх цэгцийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх тал дээр үе шаттай арга хэмжээ авч, хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









