Dark Light
Нийгэм | 2026-03-12

НИЙТ МӨНГӨН УРСГАЛЫН 70-80 ХУВЬ НЬ ТӨРИЙНХ...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын эдийн засгийн нэгэн сонирхолтой онцлог бий. Бид хөрөнгө оруулалтын тухай их ярьдаг ч, үнэндээ хөрөнгө оруулалт гэж юу болох, яагаад ирдэг, яагаад буцдаг тухай бодитойгоор дүгнэх нь ховор. Тоо баримт өөрөө их зүйл хэлдэг.

1990 оноос хойш Монгол Улсад нийтдээ 50.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ бол жижиг эдийн засагтай улсын хувьд бага мөнгө биш. Гэвч энэ мөнгөний 74 хувь нь ганцхан салбарт буюу уул уурхайд шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголд хөрөнгө оруулалт ирдэг ч, бараг бүхэлдээ газар доорх баялаг руу л ордог гэсэн үг.

Түүхийг сөхвөл 2011 он бол Монголын хөрөнгө оруулалтын “алтлаг жил” байв. Тэр жил 5.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Харин сүүлийн 15 жилийн дундажийг харвал жилд гурван тэрбум орчим ам.доллар орж ирдэг. Гэхдээ энэ дундаж дотор нэг том хүчин зүйл бий. Уул уурхайн том төсөл болох Оюу толгой. Тэр гурван тэрбумын 1.6 тэрбум нь зөвхөн энэ төсөлтэй холбоотой байдаг.

Өөрөөр хэлбэл Монголын хөрөнгө оруулалтын статистикийн ард бодит үнэн нуугдаж байдаг. Бид олон хөрөнгө оруулагч татсан улс биш. Харин ганц том төслийн эргэн тойронд эргэлдсэн эдийн засагтай улс.

Сүүлийн үеийн тоо бүр ч илүү анхаарал татна. 2025 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх 15 жилийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт аажмаар багасаж байна.

Хөрөнгө оруулагчид улс орныг романтикаар хардаггүй. Тэд эхлээд макро эдийн засгийг нь харна. Дараа нь амлалтаа биелүүлдэг эсэхийг нь ажиглана. Засаглал нь хэр тогтвортой вэ, хууль нь хэр ойлгомжтой вэ, өрсөлдөөн нь хэр шударга вэ гэдгийг тооцно. Эцсийн эцэст хөрөнгө оруулалт гэдэг бол сайхан сэтгэлийн асуудал биш, мөнгөө өсгөх бизнесийн шийдвэр юм.

Монголын хувьд бас нэг том сул тал бий. Эдийн засгийн бүтэц. Манай эдийн засаг үндсэндээ уул уурхай дээр тулгуурладаг. Нэг салбарын савлагаа бүхэл бүтэн эдийн засгийг донсолгодог. Үүн дээр нэмээд сүүлийн жилүүдэд тодорхой бус байдал ихэссэн. Ковидын дараах эдийн засгийн савлагаа, бүс нутгийн геополитик, дайн мөргөлдөөн зэрэг нь хөрөнгө оруулагчдыг илүү болгоомжтой болгожээ.

Гэхдээ асуудлыг зөвхөн гадаад хүчин зүйл рүү чихэж болохгүй. Дотоод орчин бас чухал. Улсын эдийн засгийг үнэлэхдээ нэг зүйлийг онцгой хардаг. Тэр нь төрийн оролцоо. Монголын эдийн засагт төрийн оролцоо асар их болсон. Арван төгрөг тутмын долоо, найм нь төрийн мөнгө болж хувирсан гэсэн тооцоо бий. Ийм эдийн засагт хувийн хөрөнгө оруулалт идэвхжих нь амаргүй.

Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тухай яриа бодит ажил болж эхэлжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль боловсруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэх зэрэг алхмууд хийгдэж байна. Түүнчлэн татварын орчныг шинэчлэх асуудал ч яригдаж байгаа.

Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл бол тэгш боломж. Дотоод, гадаад гэж ялгахгүй, бүгдэд ижил дүрэм үйлчилдэг байх. Лиценз, зөвшөөрөл авах процесс ойлгомжтой, хурдан байх. Хэрвээ маргаан гарвал заавал олон жил шүүхдэлцэхгүйгээр шийддэг механизм байх. Энэ зорилгоор хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв хүртэл байгуулжээ.

Гэхдээ хамгийн том асуудал хууль биш. Төсөл. Хөрөнгө оруулагчид “юунд мөнгөө хийх вэ” гэдгийг хардаг. Тиймээс стратегийн томоохон төслүүдийг бэлдэж, танилцуулах ажил давхар явж байна.

Нөгөө нэг чухал асуудал бол эдийн засгийн төрөлжилт. Бид энэ тухай 30 жил ярьсан ч бодит үр дүн бага. Гэвч сүүлийн жилүүдэд нэг сонирхолтой өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбар. Өнгөрсөн жил Монголын эдийн засаг 6.8 хувиар өсөхөд 33.8 хувийг нь энэ салбар бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн дараах хамгийн чухал салбар тодорч эхэлж байна.

Евразийн холбооны таван улстай байгуулсан түр хэлэлцээр ч үүнд шинэ боломж нээж байна. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 200 сая орчим хэрэглэгчтэй зах зээлд гурван жилийн хугацаанд тарифын хөнгөлөлттэй, зарим нь бүр татваргүй гарах боломжтой болжээ.

Үүн дээр нэмээд боловсруулах үйлдвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй аялал жуулчлал зэрэг салбарууд боломжийн ирээдүйтэй харагдаж байна. Жишээ нь өнгөрсөн жил Монголд 850 мянга орчим жуулчин ирсэн. Нэг жуулчин дунджаар мянган ам.доллар зарцуулдаг гэж тооцвол аялал жуулчлал ч бас жижиг эдийн засаг биш.

Эцэст нь Монголын өмнө нэг сонголт бий. Бид газар доорх баялагт тулгуурласан “хүрэн эдийн засаг”-аараа үлдэх үү, эсвэл илүү олон салбарт түшиглэсэн “ногоон эдийн засаг” руу аажмаар шилжих үү гэдэг асуулт.

Хөрөнгө оруулалт гэдэг бол үнэндээ улс орны тухай өгдөг хамгийн шударга үнэлгээ. Хэрвээ хөрөнгө оруулагчид итгэж байвал мөнгө нь орж ирнэ. Итгэхгүй бол хаалга үргэлж нээлттэй байсан ч тэд ирэхгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00