Dark Light
Нийгэм | 2026-04-01

ТБХ: “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ПРОТОКОЛЫН ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаан 09 цаг 03 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 32 гишүүний 17 нь хүрэлцэн ирснээр эхэллээ. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Ж.Батжаргал, Р.Батболд, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, Н.Наранбаатар, Б.Заяабал,  Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсаныг дурдаад ажлын хэсэг гурван удаа хуралдсан гэлээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх, гадаад улсын туршлагын талаар судалгаа хийлгүүлэн ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангаж ажиллалаа. Ажлын хэсэг төсөлтэй холбогдуулан дараах саналыг Байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Үүнд; Нэг.Анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасан төслийн бүтцэд тавигдах шаардлагын дагуу зүйлийн гарчиг өгөх, мөн төсөлд тусгагдсан зүйлээр зохицуулж байгаа харилцааг бүлэглэж бүлгийн нэр өгөх;

Хоёр.Хуулийн төсөлд хөндөгдсөн зүйлээс “Сэлбэ дэд төв”-д түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хасах;

Гурав. Хуулийн  төсөлд хуулийг дагаж мөрдөх зохицуулалт гэсэн агуулга бүхий шинэ зүйл нэмж, уг зүйлд 2026 онд төсвийн жилд  хөндөгдсөн зарим төслүүдэд хийсэн санхүүжилтийг энэ хуулийн  үйлчлэлд хамруулах болон энэ хуульд тодорхой хугацаатайгаар дагаж мөрдөх асуудлыг зохицуулахаар тусгасан гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.   

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо есөн бүлэгтэй хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин,  Д.Цогтбаатар, Б.Түвшин, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, Д.Пүрэвдорж, Д.Үүрийнтуяа, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэллээ.

Гишүүд эдийн засгийн үр өгөөжтэй газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулахыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөлд гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хөндөөгүй нь үзэл баримтлалтайгаа үл нийцэж байгааг анхааруулж байлаа.

Мөн нэг удаагийн шинж чанартай, ганц хоёрхон төсөлд зориулсан хуультай байх нь зөв эсэх, цаашлаад өөр төсөл, хөтөлбөрийг тусгах шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тодруулав. Түүнчлэн хуулийн төсөлд туссан төслөөс бусад төсөл, хөтөлбөрүүдийг тусгахыг хязгаарласан эсэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай хэрхэн уялдуулсныг илүүтэй лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан, Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд уг төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг Улсын Их Хурлаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн хариулав. Харин  энэ хууль батлагдвал Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагад дээрх хоёр төслийн тухайн жил ашигласан дүнгээр хязгааруудад хамаарахгүй явна. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төсөв батлагдахад суурь тэнцэл, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлд энэ хоёр төслийн зардлыг оруулахгүй гэсэн нэмэлт тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дээр гишүүд нэмж санал оруулах бололцоог хангах үүднээс хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо

Дараа нь “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Тэрбээр, энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг  гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  анх батлагдсан байдаг байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

 

Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Туулын хурдны зам баригдсанаар хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах талаар доорх зурагнаас харна уу.

 

 

 

Мөн  төслийн төсөвт өртгийг доорх зурагнаас харна уу.

Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын "ХаоЮань групп" ХХК шалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Д.Энхтүвшин, П.Пүрэвдаваа, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан, Б.Түвшин, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Төсөл хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог 1 дүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нийлж, ашиглалтад ороод нэг тойрог зам болж байгаа юм. Энэ замууд нээгдсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна” гэв. Мөн тэрбээр Туулын хурдны автозамыг нийслэл өөрөө замын сан болон нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаар төвлөрүүлж, төсвөө гурван жилээр нь хуваарилан хийж байгаа гэлээ. Түүнчлэн 2013 онд дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 468 сая ам.доллар байсан. Тэгвэл 2025 оны техник эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар болж, өөрчлөгдөж байгаа гэж байлаа.

Мөн гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ зэргийг баримталж ажиллах ёстойг анхааруулахын зэрэгцээ төслийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээний талаар илүүтэй лавласан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариултдаа, “2026 онд эрдэмтдийн хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг" гэх нэмэлт тайлбарыг өгсөн.

Протоколын төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Өнөөдрийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд 38,492 тонн байсан бол 2025 онд 84,366 тоннд хүрч, хоёр дахин нэмэгдсэн байна гэв.

Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаагаас 2025 онд нийтдээ 2,448,415 зорчигч тээвэрлэсэн байна. 2024 онтой харьцуулахад олон улсын чиглэл 15 хувь буюу 259 мянга, орон нутгийн чиглэл 5 хувь буюу 21 мянган зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байгааг дурдлаа.

Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаарч байгааг онцлов.

Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.

Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсэж болзошгүй юм гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.  

Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм гэв.     

Түүнчлэн  удаа дараагийн олон уулзалтуудын дүнд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас 2026 оны 01 сарын 13-ны өдөр “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хувилбарыг ирүүлсэн гэдгийг тэмдэглээд хэлэлцээрт орсон өөрчлөлтүүдийн талаар танилцууллаа.

Тодруулбал, хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цогцолборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байсан тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж, “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна.” гэж монголын талын саналаар өөрчлөлт оруулсан. 

Мөн 5 дугаар заалтад “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатахууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах, хуульд нийцүүлэх зорилгоор “агаарын хөлгийн түлш борлуулах” гэж монголын талын саналаар оруулсан байна.

Монголын тал 7 дугаар зүйл нь бүхэлд нь хасах саналыг тавьсан. Хэлэлцээрийн явцад оросын талаас 7 дугаар зүйл нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хадгалах үүднээс олон улсын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт зайлшгүй тусгагддаг тул хасах боломжгүй гэдэг байр суурийг  сайд нарын уулзалтууд дээр тогтмол илэрхийлж байсан. Мөн 2025 оны 11 сард Москва хотноо болсон ШХАБ-ын орнуудын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч мөн уг байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 7 дугаар зүйлийн 1 дүгээр догол хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөн үндсэн дээр 2 дугаар догол хэсгийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 2 дугаар догол хэсэгт оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад оросын талаас Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхийг санал болгосон. Бүгд Найрамдах Беларусь Улстай манай улс нь найрамдалт харилцаатай түншлэлийн гэрээ бүхий улс тул үгүйсгэх шалтгаан байхгүй тул хүлээн зөвшөөрсөн. Манай талын санал бол Бүгд Найрамдах Казахстан Улс байсан. Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул монголын талын саналаар хассан. Мөн оросын талаас хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсан тул монголын талаас таван жил болгох саналыг тавьсан. Гэвч оросын тал хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах гол хөшүүрэг нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ тул хугацааг бууруулахгүй байх байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 15 жил болгож хугацааг богиносгосон өөрчлөлтүүдийг тус тус оруулаад байгааг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлов.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал энэхүү хэлэлцээрт Улсын Их Хурал ихээхэн анхаарал тавьснаар өөрийнхөө эрх ашгийг хангуулах асуудлыг тусгаж сайжруулсан байгаа тул хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин удахгүй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотоодынхоо түлшний тодорхой хувийг хангана. Гэтэл хэлэлцээрт энэ талаар тодорхой агуулга, томьёолол харагдахгүй байгааг лавлав.

Ажлын хэсгээс “Газрын тос  боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 80 мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар шинэ нисэх онгоцны буудлын агаарын түлшний хэрэглээ үүнээс давсан байгаа. Мөн авиа компаниуд түлш нийлүүлэгчийг сонгохдоо үнийн өртгийг харгалзах юм” гэж хариулав. Түүнчлэн ОХУ-ын “Роснефть” компаниин итгэмжлэгдсэн компанитай санамж бичг байгуулсан бөгөөд уг санамж бичигт Монголд газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд 100 хувь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулна. Илүү гарсан тохиолдолд тус компани нийлүүлнэ гэсэн зүйл, заалтыг тусгасан гэж байлаа.

Ингээд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн 04 дүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 , Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Пүрэвдаваа, Ч.Номин нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд хаврын тариалалт, уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих энэ хугацаанд дизель түлшний үнэ нэмэгдэхээр эргээд бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүнд хариу арга хэмжээ авах, цаашид Ойрхи дорнодын байдлаас шалтгаалаад газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөлд эрсдэлийн төвөвлөгөө гаргасан эсэхийг илүүтэй тодруулж, хариулт авлаа.

Ажлын хэсгээс “2025 онд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хуулийг олон улсын эрсдэлт нөхцөл байдал ойрын таван жилдээ дуусахгүй гэдэг үндэслэлээр боловсруулж, батлуулсан. Хуулийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сараар нөөцлөх агуулахыг барина гэсэн заалтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 20 орчим аж ахуйн нэгж 24 агуулах барих төслийг эхлүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийтдээ 295 мянган м3 багтаамж бүхий агуулахыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулна” гэж байлаа.

Түүнчлэн тариалан эрхлэгчдийг үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт зохих арга хэмжээг авсан. Өнөөдөр хямд, арай боломжит үнээр тариалан эрхлэгчдэд шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг нийлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамтай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ байгуулаад 4 дүгээр сарын 15-ны дотор энэ ажлыг зохион байгуулж дуусгана. Тэгэхээр тариалан эрхлэгчдын хувьд хаврын тариалалтдаа санаа зовох зүйл байхгүй гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгч байлаа. 

Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22