Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүснэ
Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 19-22-ны өдрүүдэд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үе үе бороо орж, зарим өндөрлөг болон уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Мөн салхи түр зуур ширүүсч, шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюул үүсэж болзошгүй тул малчид, иргэд, тээвэрчдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Өнөө шөнө баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас орно. Харин өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас үргэлжлэх төлөвтэй байна.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх юм.
Агаарын температурын хувьд шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -1…-6 градус хүрч хүйтрэх бол говийн өмнөд хэсгээр +7…+12 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар +11…+16 градус, говийн бүс нутгаар +17…+22 градус дулаан байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй бөгөөд салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө +3…+5, өдөртөө +14…+16 градус дулаан байх төлөвтэй.
Багануур орчмоор мөн бороо орохгүй, өдөртөө +13…+15 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор шөнөдөө -2…-4 градус хүрч хүйтрэх ч өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Урьдчилсан төлвөөр 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн хэсгээр сэрүүсэж, салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул холын замд гарах иргэд болон малчид цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарахыг зөвлөж байна. Харин 23-наас эхлэн ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







