Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус танилцуулав.
Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа, Монгол Улсын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд бөгөөд энэ хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д суралцаж байна. ЕБС-д суралцагчдын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан шүдний өвчлөл бол амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл өндөр, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа юм. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь буюу 33689 нь сургуулийн орчинд болсныг дурдав.
НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд хийсэн судалгаанд ЕБС-ийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй автозамтай ойр, 76 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утасны эрсдэлтэй, 73 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй байна. Мөн ЕБС, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа будаг, бусад материалаас ялгардаг формальдегидийн хэмжээ зохих түвшингээс 2-3, бензол 3.5 дахин их, хар тугалга 2-5, хром 2.3 дахин хэтэрсэн байгааг орчны судалгаагаар тогтоосон байна. Эдгээр бодис хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, амьсгалын замын архаг өвчин ихсэх эрсдэл дагуулж буй юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээ байх ёстойгоосоо 8-9 дахин их байгаа нь сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцаж байгааг илтгэн харуулж буй үзүүлэлт гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна.
Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт анхаарал татах түвшинд хүрээд байгаа ч өнөө хэр тодорхой зохицуулалтгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, мөн цахим орчин дахь дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Гэмтсэн, бэртсэн, нас барсныг тоон дүнгээр илэрхийлж болох боловч хүүхдийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрийг тэр бүр илрүүлж, хэмжиж, арга хэмжээ авч чадахгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа онцоллоо.
Иймд ЕБС-ийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн үндэслэл бий болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд дээрх харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн ялгаварлан гадуурхахгүй, тэгш, хүмүүнлэг, нууцлалыг хангаж, суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн нэгдсэн бодлого, түүний төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ, эрт илрүүлэлт, яаралтай тусламжийн бэлэн байдал болон бусад арга хэлбэрээр суралцагч, багш, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах, үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаталсан тогтолцоогоор сургуулийн орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чадвар олгох, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх дэмжлэг үзүүлэх, орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир санал, дүгнэлтдээ дурдав. Мөн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Байнгын хорооныхуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Бум-Очир, Н.Наранбаатар, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Д.Ганбат, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Номин, Д.Ганмаа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Монгол Улсын хаана ч байсан хүүхэд эрхээ хамгаалуулах ёстойг тэмдэглээд уг хуулийн төслүүдийг дагалдаж хэчнээн хууль хамт өргөн мэдүүлж, батлагдвал сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдал цогцоороо шийдэгдэх талаар лавлав.
Төсөл санаачилагч гишүүн Т.Мөнхсайхан хариултдаа, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд хэрэгжсээр байгаа. Гэвч өнөөдрийг эрдэм мэдлэг, боловсрол олохоор зорьж буй сургуулийн орчинд хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаагаар ч ийм хуультай байх шаардлагатай байна гэсэн дүгнэлт бий. Мөн олон улсад ч сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалсан тусгайлсан хуультай байдаг гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Монгол Улсад хэчнээн сургууль хүүхдийн эрүүл, аюулгүйн стандартыг хангасан, эсэх талаар судалгаа хийснийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлагыг хангуулахад хэдий хэрийн төсөв хэрэгтэй байгаа талаар лавлав.
“Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандарт шаардлага хангаагүй нийт сургуулийн тоо 50-иас дээш хувьтай байна. Гэтэл бид үүнийг хэвийн асуудал мэт тоохгүй өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрсээр байна. Ялангуяа сумын сургуулийн дотор ариун цэврийн өрөөтэй болгох асуудлыг хөрөнгө мөнгө тавиад шийддэг хэдий ч, жил ашиглаад орхидог. Үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа болохоор хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна” хэмээн Т.Мөнхсайхан гишүүн хариулж байлаа.
Харин ажлын хэсгээс, 1,5,10 дугаар ангид тусгайлсан үзлэг хийхэд жилдээ 220 орчим мянган хүүхдийг хамруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн төсөв гарна тооцож байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн хүүхдийн үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийг бүрдүүлж, үүнд суурилсан хариу арга хэмжээ авахад ашиглах үндсэн зорилготой гэж байлаа.
Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид анхаарах, төсөлд тусгах талаар тодорхой санал хэлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир уг хуулийн төсөлд үе тэнгийн дээрэлхэлт гэдгийг томьёолж оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийн хүрээнд хүүхдийн хувийн мэдээлэл, ялангуяа эрүүл мэндийн асуудлыг маш сайн хамгаалахад анхаарах нь зүйтэй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа уг хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж давхардлыг арилгах, шинэчлэх, найруулах, шинжлэх ухаан ч бусаар хандсан асуудлыг цэгцлэх талаар санал өгснөө дурдав. Мөн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хэрэгжилтийг хангахын оронд шинэ хууль, төсөв, бүтэц, ачаалал бий болгох нь зөв эсэхэд үр ашгийн харьцуулсан судалгааг сайтар хийх нь зүйтэй гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс ирээдүй болсон хүүхдүүдээ сургуулийн орчинд нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн боловсролыг олгох зохист дадалд сургах асуудалд маш сайн анхаарах шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг тус тус явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын даргыг томилох асуудалд АН-ын бүлэг завсарлага авлаа
Хуралдаан Улсын Их Хурлын даргыг томилох асуудлаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогт гишүүнийг томилуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн байна.
Энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндөрөв дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байна гээд түүний товч намтрыг танилцуулав.
Мөн С.Бямбацогт иргэд, сонгогчдын итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй таван удаа сонгогдон ажиллаж, 50 гаруй хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгүүдийг ахлан ажилласан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эрх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн, мэргэшсэн парламентч юм. Иймд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг хууль тогтоох байгууллагад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг харгалзан Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байна гэлээ.
Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр АН-ын бүлгээс тавьж байгаа үндсэн шаардлагын хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан . Хуулийн төслийн үзэл баримтлалд зөвхөн ганц заалт биш, хэд хэдэн чухал зүйл, заалтууд бий. Энэ хүрээнд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ярилцаж, хэлэлцэх шаардлагатай байна гээд уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авахыг хүссэн.
Харин хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв.
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав
Дараа нь Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Тус Байнгын хороо хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д. Бум-Очир, Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд хоёр улсын хоорондын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс хэчнээн улс оронтой Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг хийсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн хэлэлцээр хийсэн улсад нийт хэчнээн монгол иргэн амьдарч буй талаар лавласан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга н.Рэнцэндорж, Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн даатгалын хэлэлцээр хийсэн. Тухайлбал, ОХУ-тай 1981 онд энэ хэлэлцээрийг хийсэн бөгөөд тус улсад 3466 иргэн ажиллаж байгаа бол БНСУ-тай 2007 онд нийгмийн даатгалын хэлэлцээрийг байгуулж, тус улсад 55900 монгол иргэн байгаа гэсэн албан мэдээлэл бий гэлээ.
Мөн Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш, Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казакстан улстай уг хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээр хийсэн дээрх орнуудад нийт 92147 иргэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь гадаадад байгаа нийт монгол иргэдийн 35 хувийг эзэлж байна. Цаашдаа Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна хэмээн хариулж байлаа.
Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.3 хувь нь дэмжив.
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн 04 дүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 , Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулсан. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан гэв.
Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь буюу олонх дэмжиж, хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа санал, дүгнэлтдээ онцолсон.
Тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Гантөмөр, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүд Засгийн газарт эрх олгосноор бинзен шатахууны үнийг хэдий хэрээр буулгах боломжтойг лавлахын зэрэгцээ шатахууны үнэ өссөн гадаад, дотоод хүчин зүйл хэдэн хувийг эзэлж буй талаар, хөрш зэргэлдээ улсуудаас БНХАУ-аас авах боломжийг албан ёсоор судалсан дүгнэлт байгаа эсэхийг илүүтэй тодруулсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай, Гаалийн албан татварыг 5.0 хувийн тохируулах эрхийг Засгийн газарт олгосноор авто бензин дээр литр тутам 150-230 төгрөг, дизель түлш дээр 250 орчим төгрөгөөр буулгаж, үнийг жижиглэн худалдаан дээр хямдруулах боломж үүснэ гэсэн тайлбарыг өглөө. Мөн тэрбээр гаалийн 5.0 хувь нь нийт жижиглэнгийн үнийн 4 хувьд нөлөөлдөг гээд газрын тосны үнэ 60 орчим хувь нь гадаад хүчин зүйлээс үүсээд байгаа хэмээв. Дотоодын хувьд ОХУ-аас ирсэн хил үнээр дизель түлшний үнэ 68 хувийн өсөлттэй байна. Үнийн өсөлтийг бууруулах бүх боломжит хувилбаруудыг бэлтгэсний нэг арга хэмжээ нь импортын албан татварын хувь хэмжээг тохируулах Засгийн газарт эрх олгох тогтоол гэв. Шатахууныг БНХАУ-аас импортлох, тоо хэмжээг нэмэх, нэвтрүүлэх боомтуудыг тэлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилллаж байна гэв.
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





