Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.04.30) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол, Турк улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа иргэний нисэх, төмөр зам, автотээврийн чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын найрсаг харилцаа 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тогтвортой хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд үр өгөөжтэй өргөжин хөгжиж ирснийг дурдаад, Турк Улс иргэний нисэх, автозам, төмөр зам, автотээврийн салбарт хамтран ажиллаж ирснийг онцоллоо.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Турк Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хоорондын тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгүүдийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал болохыг тэмдэглэн хэллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс Монгол Улсын “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын төслийг товч танилцуулж, энэ хүрээнд олон улсын 4E ангиллын шинэ нисэх буудал байгуулах төсөлд хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Төмөр замын салбарт хоёр улсын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНСУ-тай хамтран боловсруулж байгааг хэллээ. Энэхүү төмөр замын төсөлд Турк улсыг хамтран ажиллах боломжийн талаар мөн санал солилцлоо.
Түүнчлэн автотээврийн салбарт хоёр улсын хооронд жил бүр олон улсын ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг (250 ширхэг) солилцдог бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлж, ачаа тээврийн эргэлтийг сайжруулах тухай хүсэлтийг уламжиллаа.
Турк Улсын Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл “Монгол, Турк хоёр улсын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы уулзалтын хүрээнд дэвшүүлсэн саналуудыг холбогдох газруудад уламжилж, бодит ажил хэрэг болгон хамтран ажиллах болно” гэв.
АДМИН








Нийгэм







