Dark Light
Спорт | 2026-11-08

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДААМНЫ ДЭЛХИЙН АВАРГААС БАГИЙН ДҮНГЭЭР 5 ЖИЛ ДАРААЛАН АВАРГАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ-ын Шинтай хотноо зохион байгуулагдсан 100 буудалт даамны Өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монгол Улсын шигшээ баг нийт 10 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэлхийд дахин тэргүүллээ. Тэмцээнд дэлхийн 15 орны 350 орчим шилдэг даамчид таван насны ангилалд оюун ухаанаа уралдуулсан юм.

Манай баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 2022 оноос хойш таван жил дараалан дэлхийн аваргад багийн дүнгээр тасралтгүй түрүүлсэн үнэмлэхүй амжилтыг тогтоолоо.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Монгол Улс хол тасархай тэргүүлсэн бол багийн дүнгээр хоёрдугаар  байрт Латви улсын баг тамирчид, гуравдугаар байрт  БНХАУ-ын шигшээ баг тус тус орж, дэлхийн шилдэг гурван багийн шагналыг хүртсэн байна. Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч БНХАУ, Монгол, Нидерланд, Латви, Литва, Польш, Эстони, Итали, Тайвань, Хонконг, Макао, Суринам, Аруба, Бельги болон Олон улсын даамны холбооны нэр дээрээс оролцсон баг тамирчид албан ёсоор оролцлоо.

Манай алтан медальтнууд олон улсын шинэ цолуудын болзол хангасан байна. Хөвгүүдийн 16 хүртэлх насанд Цэдэвсүрэн овогтой Шинэбаян алтан медаль хүртэж, Дэлхийн даамны холбооны мастер цол, 13 хүртэлх насанд Батбаярын Маргад-Эрдэнэ, охидын 10 хүртэлх насанд Нэргүйн Гуамарал нар алт авч, Дэлхийн даамны холбооны дэд мастер цол хүртлээ. Мөн залуучуудын ангилалд Эрдэнэсайханы Даариймаа аваргалж, Олон улсын мастер цолны болзол хангажээ.

Мөнгөн медалийг 8 хүртэлх насанд Бүрнээбаатарын Содбилэг, 10 хүртэлх насанд Батбаярын Алтан-Эрдэнэ, охидын 16 хүртэлх насанд Батмөнхийн Сансармаа нар хүртсэн байна. Хүрэл медалийг хөвгүүдийн 16 хүртэлх насанд Тогтохын Энх-Сүлд, 8 хүртэлх насанд Лхагвадоржийн Тэмүгэ, охидын 8 хүртэлх насанд Оюунболдын Гэгээ нар тус тус эх орондоо авчирлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08