Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт улс орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 11:40 морин цагт Монгол Улсын Үндэсний Номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтэд Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар С.Дулам, "Шаравын Чоймаа" сангийн тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нарын хүндтэй зочид үг хэлж, Монгол Улсын Үндэсний Номын сангийн тэргүүн дээд "Ном цом" шагналыг Хэнтийн аймгийн Нийтийн номын санд хүртээв. Мөн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит 24 дэх удаагийн “Монгол бичгийн улсын уралдаан”-д шалгарсан шилдэг оролцогчдын шагналыг уламжлал ёсоор гардууллаа.
Нээлтийн ёслолын дараа хүрэлцэн ирсэн зочид Үнэт ховор номын музейд дэглэсэн "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнг үзэж сонирхов. Өнөө жил Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой тохиож буй бөгөөд "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнд хувийн номын сангаасаа 2000 номоор номын сан байгуулж, орчин цагийн номын сан, Үндэсний Номын сангийн үүсгэлийг тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд болох дарга Онход Жамьян гүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй гарна.
Б.АМАРТҮВШИН





Нийгэм






