Dark Light
Нийгэм | 2026-05-05

13.14-ИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хуулийн нэг заалт заримдаа бүхэл бүтэн нийгмийн амьсгалыг боож чаддаг. Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг тоо яг тийм үүрэг гүйцэтгэсэн он жилүүд өнгөрч байна.

2019 онд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг хуульчилж, 2020 оны нэгдүгээр сарын 10-наас мөрдөж эхэлснээс хойш тавхан жилийн дотор 2400 гаруй хэрэг үүсчээ. Тэднээс 175 нь шүүхэд шилжиж, 110 хэрэгт 116 хүнд ял оноосон байна. Энэ тоон дотор сэтгүүлчид ч бий. Гэхдээ хамгийн ноцтой нь хувь хэмжээ биш, зарчим нь юм. Хэн нэгнийг шийтгэсэн эсэхээс илүүтэй, хэн бүхнийг дуугүй байлгах боломж бүрдсэн нь гол асуудал.

Иймээс энэ заалтыг “ам барих” гэж нэрлэхээс өөр аргагүй. Хууль өөрөө айдас төрүүлдэг болчихоор иргэд үнэн хэлэхээсээ өмнө өөрийгөө цензурдэж эхэлдэг. Ингэж дуугүй болсон нийгэмд худал мэдээлэл буурдаггүй, харин ч эсрэгээрээ шалгагдахгүй үлддэг.

2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд Үндсэн хуулийн цэц энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь санамсаргүй хэрэг биш. Харин бодит амьдрал дээр хуримтлагдсан зөрчлийн хууль ёсны дүгнэлт байв. Үүнийг Улсын Их Хурал ч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, асуудал байгаа гэдгийг төр өөрөө албан ёсоор зөвшөөрсөн гэсэн үг.

Гэхдээ хүлээн зөвшөөрөх нэг хэрэг, засах нь өөр хэрэг. Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн өөрчлөлт дээр ажиллаж байгаа ч явц нь “бага багаар” гэдэг үгээр тодорхойлогдохоор удаан байна. Харин энэ хооронд иргэдийн үг хэлэх эрх чөлөө “түр хойшлуулсан” байдалтай хэвээр.

Асуудлын гол нь тэнцвэр. Хүний нэр төрийг хамгаалах ёстой, гэхдээ үг хэлэх эрх чөлөөг золиосолж болохгүй. Нэгийг нь хамгаалах нэрээр нөгөөг нь боомилдог хууль бол хууль биш, хэрэгсэл болчихдог.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монгол Улс 179 орноос 85-д жагссан нь зүгээр нэг статистик биш. Энэ бол бидний өөрсдийн бүтээсэн орчны үнэлгээ. Тэр үнэлгээнд Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт тод мөр үлдээсэн.

Иймд эсвэл бид энэ заалтыг засч, үг хэлэх эрх чөлөөг бодитоор хамгаална. Эсвэл “ам барих” соёлыг хуульчилсан хэвээр үлдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10