Монгол Улс 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -аас зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – байнгын хяналтын аргачлал ( USOAP-CMA ) бүрэн хэмжээний аудитад амжилттай хамрагдаж, урьдчилсан байдлаар 74.96 хувийн үнэлгээ авлаа. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үзүүлэлт юм.
USOAP-CMA аудитын аргачлал, протокол шалгах асуулгууд нь 2024 онд бүрэн шинэчлэгдсэн ба Монгол Улс 2010 оноос хойш 16 жилийн дараа шинэчлэгдсэн аргачлалаар анх удаа аудит шалгалтад хамрагдлаа. Энэхүү аудитад амжилттай хамрагдсанаар ICAO-аас Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын тогтолцоо болон агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа олон улсын стандарт шаардлагыг хангасан болохыг олон улсад баталгаажуулав. Байнгын хяналтын аргачлалын хүрээнд өгсөн аудитын зөвлөмжүүд нь иргэний нисэхийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай цаашдын арга хэмжээг тодорхойлох, аюулгүй байдлыг хангуулах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн аудитад Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба дараах 8 чиглэлээр хамрагдаж, 835 протокол асуулгын дагуу шалгууллаа. Үүнд:
- Иргэний нисэхийн хууль, эрх зүйн зохицуулалт (LEG) ;
- Иргэний нисэхийн хяналт зохицуулалтын байгууллага болон Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтэц, зохион байгуулалт (ORG) ;
- Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа (AIG) ;
- Нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт (OPS) ;
- Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хяналт, зохицуулалт (AIR) ;
- Мэргэжлийн үнэмлэхжүүлэлт (PEL) ;
- Аэродромын хяналт, зохицуулалт (AGA) ;
- Агаарын навигацийн үйлчилгээний хяналт, зохицуулалт (ANS) ;
Аудитын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны дэмжлэгтэйгээр Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, МИАТ ТӨХК, Аэро Монголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК, Монголын нисэхийн академи ХХК, Монголиан Эйрвэйс Карго ХХК, Чингис Эйрлайнс ХХК зэрэг байгууллагууд амжилттай хамтран ажиллалаа.

АДМИН







Нийгэм







