Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мижиддоржийн Батчулууныг “2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагаас 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь Эхийн .. дүгээр гудамж, ... тоотод бага насны хүүхэд нь болох С.Ариунзаяаг 2 удаа хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан, П.Сувданхуягийн эхнэр, жирэмсэн эмэгтэй болох Б.Мөнгөншагай, мөн түүний хүүхэд буюу бага насны хүүхэд болох С.Азтайзаяа нарыг тус бүр 1 удаа хутгалж, амь насыг нь хохироож, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг алсан” гэж үзэж “Яллах дүгнэлт” үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Мижиддоржийн Батчулуунд холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, хянаад уг өдөр хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлосон.
Шүүхээс иргэдийн төлөөлөгч, улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан шүүх хуралдааны хаалттай явуулж, шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Мижиддоржийн Батчулуун нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагыг зорилго болон шударга ёсны зарчмыг удирдлага болгон бага насны хүүхдийг алахыг завдсан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ял, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт бүх насаар хорих ялаар тус тус шийтгэв.
Дээрх оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг бүх насаар хорих ялд нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг “бүх насаар хорих ял”-аар тогтоолоо.
Шүүгдэгч Мижиддоржийн Батчулууны хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгч М.Түмэннаст
АДМИН







Нийгэм







