НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ТАВДУГААР САРЫН ОЛГОЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
2026 оны тавдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг холбогдох байгууллагаас танилцууллаа. Уг хуваарийн дагуу иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээ шат дараатайгаар олгогдох юм.
Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг голлох олголтууд тавдугаар сарын 14 болон 26-ны өдрүүдэд иргэдийн дансанд шилжинэ. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дэмжлэг, хөнгөлөлтүүд энэ хугацаанд багтаж олгогдохоор төлөвлөгджээ.
Үүнээс гадна алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ зэрэг нь мөн адил тодорхой хугацаанд олгогдох юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-ны өдөр олгохоор товлосон бол эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон иргэнд олгох тэтгэмж ч мөн энэ өдөр шилжихээр байна. Харин насны хишиг болон эхийн алдар одонтой холбоотой мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд олгох аж.
Иргэд халамжийн мөнгөн олголтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагын албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сувгуудаас авах боломжтой юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







