Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөрдөгч хайкинг” клубийн нээлтийн үйл ажиллагааг /2026.05.08/ Чингэлтэй хайрханд зохион байгууллаа.
Энэхүү явган аяллын спортоор дамжуулан алба хаагчид багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужлаа нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт мэдээлэл, зөвлөгөө авсан юм. Мөн Монголын Явган алхалтын холбооноос “Мөрдөгч хайкинг” клубийн тугийг гардуулж өгөв.
Арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа оролцож, алба хаагчдад өөрийн туршлагаас хуваалцсан юм.
Тус албанаас хамтран ажилласан байгууллага, зочдод талархал илэрхийлж, хөгжөөнт тэмцээнд идэвхтэй оролцож ялалт байгуулсан алба хаагчдад батламж, дурсгалын зүйл гардуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

АДМИН








Нийгэм




