Монголын NUM FALCON’S” оюутны шигшээ баг Энэтхэг улсад болсон "Акробатик рок-н-роллын Ази тивийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн"-ээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ
МУИС-ийн “NUM FALCON’S” оюутны шигшээ баг Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон Акробатик рок-н-роллын Ази тивийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, Монголын оюутны спортын шинэ амжилтын түүхийг бичлээ.
Тус тэмцээн тавдугаар сарын 8-нд Талкатора цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан бөгөөд Монголын баг рок-н-роллын “A” класс ангилалд алтан медаль, “B” класс ангилал болон formation буюу багийн бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Мөн акро свингийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлжээ.
МУИС-ийн “NUM FALCON’S” баг нь МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, аэробик гимнастик болон чийрлидингийн спортын олон улсын шүүгч, спортын мастер Д.Түмэнтөгсийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр 2006 оноос эхлэн МУИС-ийн аэробик гимнастикийн анхны оюутны шигшээ багийг байгуулж, улмаар 2017 онд “FALCON’S CHEER” хөгжөөн дэмжигчдийн баг, 2025 онд акробатик рок-н-роллын шигшээ багийг үүсгэн байгуулсан юм.
Тус баг өнгөрсөн хугацаанд аэробик гимнастик, чийрлидинг, акробатик рок-н-роллын төрлөөр улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж иржээ. Тухайлбал, чийрлидингийн улсын аваргад зургаан удаа түрүүлж, Оюутны спортын их наадмын дараалсан аваргаар шалгарсан бол Ази, Номхон далайн орнуудын оюутны аваргаас хүрэл медаль хүртэж байсан туршлагатай баг юм.
Акробатик рок-н-ролл нь хурдан хэмнэлтэй рок-н-ролл бүжгийг акробатын шидэлт, өргөлт, эргэлт зэрэг хүнд элементтэй хослуулсан өндөр ачаалалтай спортын төрөлд тооцогддог. Тамирчнаас хүч, уян хатан байдал, тэнцвэр, өндөр техник шаарддаг учраас гимнастикийн спорттой ойролцоо төрөл гэж үздэг байна.
Монгол Улсад энэхүү спорт 2024 оноос албан ёсоор хөгжиж эхэлсэн бөгөөд “Монголын Акробатик Рок-н Ролл” холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Харин Монголын баг 2022 онд Москва хотод болсон дэлхийн аваргад анх удаа оролцож байсан түүхтэй.
Энэ удаагийн Азийн аваргын өмнө тавдугаар сарын 4-7-ны хооронд Дели хотын Мантан гимнастикийн академид хамтарсан бэлтгэл, сургалт, семинар зохион байгуулагдсан бөгөөд Монголын тамирчид ОХУ-ын Владивосток хотод суралцаж буй оюутнуудтай хамтран оролцсон байна.
Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар МУБИС-ийн багш, олон улсын шүүгч Б.Бат-Отгон, МУИС-ийн ахлах багш, олон улсын шүүгч Д.Түмэнтөгс, мөн ОХУ-ын Приморскийн хязгаарын Акробатик рок-н-роллын холбооны захирал Светлана Антонова Юрьевна нар ажиллажээ.
МУИС-ийн “NUM FALCON’S” баг ирэх зургаадугаар сарын 5-7-нд зохион байгуулагдах Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







