Dark Light
Нийгэм | 2026-05-11

“UPGRADE UVS” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Идэш багш” хөгжлийн төвөөс Увс аймгийн Өмнөговь сумын оюутны холбоотой хамтран Увс аймгийн оюутнуудын дунд “Upgrade Uvs” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг “Техник технологи, инженерчлэл”, “Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан”, “Нийгэм, хүмүүнлэгийн ухаан”, “Санхүү, эдийн засаг”, “Анагаахын шинжлэх ухаан” гэсэн таван сэдвийн хүрээнд судалгааны материал хүлээн авч, хоёр үе шаттайгаар явуулсан. Эхний шатанд 30 оюутан бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөж, шилдэг 10-ыг шалгаруулсан юм. Улмаар хоёрдугаар шатыг тавдугаар сарын 9-ны өдөр зохион байгуулж, шилдэг 10 оролцогч бүтээлээ танилцуулснаар шүүгчид ялагчдыг тодрууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын талаар “Идэш багш” хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Энэхүү уралдаан нь оюутнуудыг хооронд нь өрсөлдүүлж байгаа хэрэг биш. Судалгааны бүтээлийг хэрхэн чанартай хийх вэ, хувь хүн цаашдаа өөрийгөө яаж хөгжүүлж болох вэ гэдэгт нэг нэгнээсээ суралцаж, хамтарч ажиллах, эрдэмтэн докторуудаас зөвлөгөө дэмжлэг авах боломжийг нээж байгаа юм.

Эрдэмтэн судлаачид маань оюутан залуусын уралдаанд ирүүлсэн судалгааны бүтээлтэй танилцаж, шүүгээд өндрөөр үнэлснийг сонсох бахархам сайхан байлаа.

Монгол Улсын ирээдүйг түүчээлэх оюутан залуус маань аливааг шинжлэн судалж, дүгнэлт боловсруулдаг болох, түүндээ тулгуурлан асуудлыг шинжлэх ухаанчаар харж, шийдвэрлэдэг байх нь зөв. Иймээс цаашид оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласаар байх болно” хэмээв.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны,

  1. Тэргүүн байранд - МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн IV түвшний оюутан О.Нарангуа “Хүнд металл агуулсан хаягдал усыг био-түлшний элементийн (MFCs-Microbial Fuel Cell) технологи ашиглан цэвэрлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүч гаргаж авах боломжийн судалгаа” бүтээлээр,
  2. Хоёрдугаар байранд - ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Ц.Баянзул, Ц.Чойдулам нар “Улаанбаатар хотод спонж хотын зарчмыг ашиглан үерийн эрсдэлийг бууруулах судалгаа” бүтээлээр,
  3. Гутгаар байранд – АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль V-р түвшний оюутан Ж.Алтанаран, III дамжааны оюутан Ц.Мядагмаа “Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” бүтээлээр шалгарлаа.

Шагналыг “Идэш багш” хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү гардуулан өгч, баяр хүргэн, амжилт хүсэв.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд, салбартаа манлайлагч, өндөр түвшний мэргэжилтнүүд болох Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Г.Туяагэрэл, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик хими, технологийн албаны дарга, доктор (Ph.D) Б.Амарсанаа нар ажиллаж, судалгааны бүтээлүүдийг хараат бус, бодитоор үнэлж, дүгнэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10