Dark Light
Нийгэм | 2026-05-11

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Прокурорын байгууллага 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,030 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 9,592 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,014 хэрэг шинээр нээж, 421 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Өмчлөх эрхийн эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8,  Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6,  Авлигын 4, Эдийн засгийн  гэмт хэрэг 3, бусад төрлийн гэмт хэрэг 8 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Д.Б нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа  “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,  “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- В.А нь “... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд ... суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхэд;

- Г.Р нь шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нэр бүхий компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг хахууль болгож өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- М.С, Т.И  нар нь дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа дархан цаазат газраас самар түүсэн М.М-ийн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй давуу байдал олгож, түүсэн 13 шуудай самрыг буцаан олгож, 3,8 сая төгрөгийн хахууль авсан,  М.М нь 13 шуудай самраа буцаан авсны хариуд улсын байцаагч нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.А  нь ...аймгийн ... сумын засаг даргаар, Д.О нь засаг даргын орлогчоор, Ц.А нь тендерийн үнэлгээний хорооны даргаар буюу нийтийн албан хаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын нийтийн орон сууцны гадна фасад засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хууль тогтоомж зөрчин явуулж, “М...” ХХК-д давуу бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Н.Т нь “К...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 909 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,9 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ц.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Testomed E250", "Stanozon", "Primomed 100", "Only for Russian national team" гэсэн нэршилтэй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, шилжүүллээ. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хил нэвтрүүлсэн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ

- С.З нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас ирэхдээ өөрийн ачаа тээшинд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, ... грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Гадаад улсын иргэн Д.А.А нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хил нэвтрэхдээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх хэрэглээний нэршилтэй, ... грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж, хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Э.Э нь 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, мөс” гэх хэрэглээний нэршилтэй, ...грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Бельги Улсаас дайвар ачаанд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт  (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- М.Н нь 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан8 метамфетамины агууламжтай, “мөс” болон “шавар” гэх нэршилтэй, ...грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигдах), Н.Х, М.П нар нь  "мөс" гэх нэршилтэй, ... грамм жинтэй  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ц.С нь 2023 оны 11 дүгээр сард ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад, багтсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- О.З, Б.Б, О.Э нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, MDMB-4-en-PINACA-ийн агууламжтай, ... грамм жинтэй шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т, О.Т, Г.Э нар нь өөртөө хэрэглэх зорилгоор “дроп” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Иргэн танд:

Прокурорын яллах дүгнэлт нь хэрэг шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тухайн иргэний гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын шийдвэр юм. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах хуулийн зохицуулалттай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10