Цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн топ зэрэглэлийн «IEM Beijing 2026» тэмцээний Гранд Финал өнөөдөр (2026.11.08) Бээжин хотноо болно. The MongolZ баг ESL-ийн "Tier-1" зэрэглэлийн тэмцээний шийдвэрлэх Гранд финалд шалгарч, аваргын цом болон 360,000 ам.долларын (удаалсан баг 210,000 ам.доллар) шагналын сангийн төлөө Европын хүчирхэг MOUZ багтай "Best of 5" (3 хожил авсан нь түрүүлнэ) форматаар үзэлцэхээр тунаж үлдлээ.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг мөнгөн шагналаас гадна цахим спортын хамгийн нэр хүндтэй «ESL Grand Slam VII» уралдааны эхний ялалтаа (оноо) албан ёсоор халааслах юм. Тус хөтөлбөр нь ESL-ээс зохион байгуулдаг дээд түвшний дараалсан 10 тэмцээний 4-т нь түрүүлж чадсан багт 1 сая доллартай тэнцэх алтан гулдмай олгодог онцгой дүрэмтэй бөгөөд одоогоор NaVi, Falcons, Vitality багууд тус бүр 1 оноотой жагсаж байна. The MongolZ багийн хувьд сар гаруйхны өмнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Гантулгын Есөнтөмөр (nin9)-ийг эгнээндээ нэгтгэн, Ууганбаярын Анарбилэг (cobrazera)-ийг үндсэн гараанд буцаан зоосноос хойш ийнхүү дэлхийн шилдэг шилдэгүүдийг өвдөг сөхрүүлэн Гранд финалд гарч ирлээ. Тэд үүнээс өмнө IEM Katowice 2025, EPL S21, IEM Melbourne 2025, IEM Dallas 2025 зэрэг томоохон тэмцээний хагас шигшээ буюу 3-4-р байранд шалгарч байсан амжилтаа ийнхүү ахиулж байна.
Хоёр багийн хувьд ердөө 13 хоногийн өмнө Румын улсад болсон «PGL Masters Bucharest 2026» тэмцээний швейцар системийн 3-р шатанд учраа таарахад MOUZ баг Nuke (13-11), Mirage (13-9) мапуудад илүүрхэж, 2-0-оор манай багийг хожиж байсан түүхтэй. Өнөөдрийн 5 мап дамнан үргэлжлэх марафон тулаанд мап сонголтын (Veto) дайн ширүүн өрнөнө. Хоёр баг хоёулаа Аnubis мапыг байнгын хасалт (permanent ban) хийдэг ижил тактиктай тул өнөөдөр өөр нэг мапыг заавал хасах шаардлагатай бөгөөд шинжээчид үүнийг Mirage эсвэл Nuke байх өндөр магадлалтай гэж таамаглаж байна. «IEM Beijing 2026»-ийн хаалтын өдрийн хуваарийг танилцуулбал, Улаанбаатарын цагаар өдрийн 12:00 цагаас 3-р байрын төлөөх NaVi vs BetBoom багуудын "Best of 3" тулаанаар салхиа хагалах бол, үдээс хойш 15:30 цагаас дэлхий дахины анхаарлын төвд буй The MongolZ vs MOUZ багуудын Гранд Финал албан ёсоор эхэлнэ.
ТАТАР МАЙДАР







Спорт





