Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Төрийн ордонд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг тэргүүтэй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Лос Анжелес-2028” олимпын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй тамирчид, спортын холбоодын төлөөлөл, мөн ССАЖЗЯ болон БТСУХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр оролцогчид “Лос Анжелес-2028” олимпын наадам хүртэлх хугацаанд Төр, спортын байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн илүү үр дүнтэй зохион байгуулах талаар саналаа илэрхийлэв. Энэ хүрээнд Олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд яаралтай байгуулах шаардлагатай байгааг танилцуулав.
Мөн АНУ-ын Лос Анжелес хотод болох Олимпын наадам нь Монгол Улсаас газарзүйн хувьд хол, цагийн зөрүү ихтэй учраас тамирчдын бэлтгэл, сэргэлтэд онцгой анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцоллоо. Үүнтэй холбоотойгоор хоол зүйч, сэтгэл зүйч болон спортын бусад мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, спортын шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл хангах нь тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн олимпын эрх олгох олон улсын тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж буй спортын холбоодод төрөөс дэмжлэг үзүүлэх, ирэх оны улсын төсөвт эрхийн тэмцээнд оролцох зардлыг тусгах, шигшээ багийн тамирчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэх, залуу тамирчдыг бодлогоор дэмжих хэрэгцээтэй байгаа талаар санал дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал спортын салбарыг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж байгааг танилцууллаа. Мөн олон төрөлт олон улсын томоохон спортын наадмыг Монгол Улсад зохион байгуулахыг дэмжиж, Олимп, Паралимпын наадамд бэлтгэх Үндэсний Хороог бүх талын оролцоотойгоор байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
АДМИН







Нийгэм







