НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин ЕБС-ийн англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 332 сургуульд нийт 336,907 сурагч англи хэл судалж байгаа бөгөөд 1532 англи хэлний багш ажиллаж байна. Үүнээс 1403 нь англи хэлний, 129 нь англи, орос хэлний багш байгаа аж. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд долоо хоногт 38,324 цагийн англи хэлний хичээл орж байгаа бөгөөд багшийн долоо хоногийн ачааллыг 22 цагаар тооцоход 1742 багш шаардлагатай байгаа юм. Өнөөгийн байдлаар 210 багшийн дутагдал үүссэн тул Филиппин улсаас 210 англи хэлний багш ажиллуулахад нийслэлийн төсвөөс 3.96 тэрбум төгрөг шаардлагатайг танилцууллаа.
Нийслэлийн ЕБС-иудад англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг англи хэлний сургалтын бодлоготой зэрэгцүүлэн монгол хэл, бичгийн сургалтыг ч мөн адил төрийн бодлогын түвшинд дэмжих шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Англи хэлний гадаад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ монгол хэл, бичгийн сургалтыг ахисан түвшинд хөгжүүлэх бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх ёстой. Эх хэл, бичиг, соёлоосоо илүү гадаад хэлийг шүтсэн хандлага руу явж болохгүй” гэв.
Мөн гадаад багш нарыг өндөр зардлаар авчрах асуудалд болгоомжтой хандах ёстойг хэлээд, монгол багш нараа чадавхжуулах, англи хэл заах боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Түүнчлэн хөрш Өвөр Монголын монгол хэл, бичгийн өндөр мэдлэгтэй багш нарыг ийм төрлийн хөтөлбөрт хамруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ач холбогдолтойг ч дурдсан юм. Ч.Батзориг “Англи хэл бол бидний эх хэл биш. Тиймээс монгол хэл, үндэсний бичиг, соёлын дархлааг хамгаалсан бодлогыг боловсролын салбарт илүү хүчтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Нийслэлийн Боловсролын газар энэ чиглэлд бодлогоо тэнцвэртэй авч явах хэрэгтэй” хэмээлээ. Тэрбээр англи хэлний боловсролыг дэмжихийн зэрэгцээ монгол хэл, бичгийн багш нарыг давхар чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг шинэ шатанд гаргах нь үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаатай холбоотой чухал асуудал гэдгийг онцоллоо.
АДМИН







Нийгэм







