Увс аймагт үргэлжлэн орсон цасны улмаас зарим зам, даваа хаагдаж, цаг агаарын нөхцөл байдал хүндрээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шуурхай шийдвэрүүдийг гаргалаа.
Улаангом сум руу орох, гарах хөдөлгөөнийг 5 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатараас Увс аймаг чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Наранбулаг суманд түр хязгаарлаж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн угаарын хийн хордлогод өртсөн гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн шөнө 9 удаа бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гэр, байшингаа тогтмол агааржуулан, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Цаашид бороо, цас Баруунтуруун, Малчин, Хяргас сумдын нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байна.
Иймд малчид, тариаланчид онц шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байх, малд явахдаа дулаан хувцаслах, насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн цас, бороо их хэмжээгээр орсны улмаас шар усны үер буух, үүнээс үүдэн халдварт өвчин гарах эрсдэлтэй тул иргэд сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Улаангом дэд станцаас Өмнөговь сумын дэд станц чиглэлийн 110 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамд мөсжилт үүссэний улмаас гэмтэл гарсан байна.
Гэмтлийг шуурхай арилгах, цахилгаан хангамжийг хэвийн болгохоор холбогдох бригад газар дээр нь ажиллаж байна.
АДМИН







Нийгэм







