2026 оны 5-р сарын 25-наас 31-ний хоорондох долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлд хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой технологийн салбарын өсөлт голлох нөлөө үзүүллээ. Ялангуяа АНУ-ын хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлт үзүүлж, Nasdaq болон S&P 500 индексүүд түүхэн дээд түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дур сонирхол нэмэгдэж байгааг харуулав.
Зах зээлийн энэхүү өсөлтийг хагас дамжуулагч үйлдвэрлэгчид болон AI дэд бүтцийн компаниуд тэргүүлсэн байна. Санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology компанийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 19%-иар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 1 их наяд ам.долларын босгыг давсан нь хөрөнгө оруулагчид AI салбарын ирээдүйн өсөлтөд өндөр хүлээлттэй байгааг харуулсан юм.
Мөн Dell Technologies компани хүлээлтээс давсан санхүүгийн үр дүн танилцуулж, бүтэн жилийн орлого, ашгийн төлөвөө дээшлүүлсний дараа хувьцааны ханш нь 30%-иас дээш өсөв. Энэ нь AI-ийн өсөлтийн үр өгөөж зөвхөн чип үйлдвэрлэгч компаниудаар хязгаарлагдахгүй, дата төв, сервер, тооцооллын дэд бүтэц зэрэг өргөн хүрээний бизнесүүдэд эерэгээр нөлөөлж байгааг харуулж байна.
Технологийн салбарын энэхүү эрчимтэй өсөлт нь сарын гүйцэтгэлд ч тодорхой туссан бөгөөд Nasdaq индекс зөвхөн 5-р сарын хугацаанд 8%-иар өссөн ба AI технологийн хэрэглээ бизнесийн бүхий л салбарт хурдацтай нэвтэрч, компаниудын бодит орлого, ашгийн өсөлтийг дэмжиж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсээр байна.
Зах зээлийн зарим оролцогчид энэхүү өсөлтийг өмнөх технологийн хөөснүүдтэй харьцуулан болгоомжтой хандаж байгаа ч одоогийн нөхцөл байдал нь бодит санхүүгийн үзүүлэлтүүд болон орлогын өсөлтөөр баталгаажиж байгаагаараа онцлог юм.
Иймээс олон шинжээчид өнөөгийн өсөлтийг түр зуурын спекулятив хөдөлгөөн бус, харин хиймэл оюун ухааны хөгжлөөр тэтгэгдэж буй шинэ үеийн өсөлтийн мөчлөг буюу “AI-driven bull market” гэж үнэлж байна.
Цаашид AI-ийн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалт, дэд бүтцийн өргөтгөл, тооцоолох хүчин чадлын эрэлт нэмэгдэхийн хэрээр технологийн салбар дэлхийн хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






