Байнгын хороод өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, ашигт малтмал, хиймэл дагуулын төслүүдийг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын байнгын хороо болон ажлын хэсгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, нийгмийн бодлогын чиглэлийн олон асуудлыг хэлэлцэхээр байна.
Өглөөний хуралдаануудаар Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд тус тус хуралдана.
Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхтэй холбоотой ажлын хэсгүүдийн хуралдаан товлогджээ.
Өдрийн хуралдаануудаас хамгийн анхаарал татаж буй нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан юм. Тус байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, төрийн өмчит компаниудын засаглал, бүтээмжийг сайжруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой хиймэл дагуулын талаар судалсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.
Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хамтарсан хуралдаанаар Монгол, Австрийн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөнө.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ОХУ-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг шинэчлэн бүртгэхтэй холбоотой Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлоод байна.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ингэснээр өнөөдрийн парламентын хуваарьт эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, гадаад харилцаа, эрүүл мэнд, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой олон чухал асуудал багтаж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






