Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 2026 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Тэнгэр” олон улсын наадмыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус наадамд Канад Улс, Япон Улс, АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, ББНВУ, БНФУ, БНПУ, Англи Улс зэрэг 32 улс орноос 300 гаруй бөө мөргөлчид ирж оролцох бөгөөд Монгол Улсаас 15 бөөгийн холбооны 100 гаруй бөө оролцож бөө мөргөлийн үүсэл хөгжил, онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлж, сонирхуулна.
Мөн энэ үеэр Нарны залбирал, Бөөгийн туг сүлд залах ёслол, Дэлхийн амар амгалангийн төлөөх зан үйл, Монгол бөөгийн их галын тахилга, Лусын тахилга болох ба гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид бөөгийн зан үйл үзүүлнэ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн үзэгч, оролцогч гадаад, дотоодын бөө нарт зориулан язгуур урлагийн тоглолт, морьт харвааны үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцан отгуудаар зочлох, морь унах, зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.
Ташрамд сонирхуулахад наадмын хүрээнд Дэлхийн олон улсын бөөгийн Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Тэнгэр наадмыг угтсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бөөгийн үүсэл хөгжил, бөө, тэнгэр шүтлэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдол, бөө өөрийн нутаг орон, байгалийнхаа төлөө хийх зан үйл болон Дэлхийн цэнгэг усны нөөц, хомсдолын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулах юм.
.jpg)
АДМИН







Нийгэм







