Инфляц 11 хувьд хүрч эрчимжсэн нь хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөлөл зэрэгцсэнтэй холбоотой. Үүнийг эрэлтийн болон нийлүүлэлтийн талаас дараах байдлаар задалж харж болно:
Дотоод эрэлтийн нөлөө: Сүүлийн жилүүдэд уул уурхайн экспорт (нүүрс, зэс) түүхэн дээд хэмжээнд хүрч, үүнийг дагаад төсвийн зарцуулалт, цалин, тэтгэврийн нэмэгдэл нь хэрэглээг дэмжиж, эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөж байна. Тухайлбал, төсвийн тэлэлтийг харахад, 2021–2022 онд КОВИД-19 цар тахлын дараах төсвийн зарлага 15-18.5 их наяд төгрөгт хэлбэлзэж байсан бол 2023 онд уул уурхайн экспорт эрс сэргэж, засгийн газар цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлснээр нийт зардал 22.7 их наяд төгрөгт хүрч өсжээ, улмаар 2024 онд төсвийн зардал жилийн дотор 34.9 хувиар өсч 30.4 их наяд төгрөгт хүрсэн. Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) мэдээлснээр, зөвхөн 2022-2024 оны хооронд засгийн газрын зардал 67 хувиар асар хурдтай өссөн. Цалингийн хувьд 2021 оноос 2026 оны хооронд Монгол Улсын ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн (номинал) цалин нийтдээ 100% орчим буюу 2 дахин өссөн байна. Цалингийн жилийн дундаж өсөлт дунджаар 15% – 20%-ийн хурдтайгаар өссөн байна.
Дэлхийн инфляцын нөлөө: Одоогийн байдлаар 4.1% байгаа дэлхийн инфляц дотоодын үнийн өсөлтийн нэг чухал хүчин зүйл гэж үзэж болно. Монгол Улс гадаадаас өргөн хэрэглээний барааны 90%, цахилгааны 20%, газрын тосны бүтээгдэхүүний 100% -ийг импортоор авдаг өнөө үед, гадаадын үнийн өсөлт манайд ихээхэн нөлөөтэй хэвээр байна.
Нийлүүлэлтийн болон бүтцийн шокууд: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн (мах, хүнсний ногоо) болон шатахууны үнийн хэлбэлзэл, тээвэр логистикийн өртгийн өсөлт нь шууд нөлөө үзүүлж байгаа гэж хэлж болно. Мөн үүнд геополитикийн хүчин зүйлс нөлөөлсөн хэвээр байгаа бөгөөд Украины дайн дээр Ираны дайн нэмэгдсэн. Мөн ХАА-н нийлүүлэлтийн тасалдал, зуд, экспорт мөн махны үнэд нөлөөлж, хүнсний үнийн өсөлтийг бий болгож байна.
Оны эцэст Төв банкны зорилтот түвшинд (6±2%) хадгалагдах боломж:
Энэ ондоо багтааж инфляцыг Төв банкны зорилтот интервал руу (8%) буулгах боломж хязгаарлагдмал байна гэж харж байна. Төсвийн тэлэлт үргэлжилж байгаа нөхцөлд дээрээс нь дараагийн сонгуулийн мөчлөгийн зардлын өсөлт нөлөөлөхөөр байгаа. Импортын барааны үнийн өсөлт хэвээрээ байгаа бөгөөд гадаад зах зээлийн шокууд үргэлжилсээр, мөн сүүлийн үед ОХУ-ын эдийн засаг огцом муудаж байгаа байдлыг харгалзан инфляц он дуустал 9-10 хувиас доош буух магадлал бага байна.
Мөнгөний бодлогын зохистой төлөв
Мөнгөний бодлогын хувьд дээрх нөхцөлүүдийг харахад төдийлөн бодлогын хүүг бууруулах боломж харагдахгүй байна. Энэ нөхцөлд харин гадаадаас хөрөнгийн урсгалыг дотогш идэвхжүүлэх, гадаадаас валютын урсгалыг нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байна. Ингэснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нэг чухал зорилт биелнэ. Иймээс свопын зардлыг бууруулах арга хэмжээ нь гадаад тэнцлийг муутгахгүй байх, урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад нэн чухал байна. Өөрөөр хэлбэл, 2026 онд инфляцыг зорилтот интервалд руу оруулж чадахгүй ч, нөөцөө нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах боломжтой байна. Энэ нь өөрөө импортын инфляцыг тодорхой хэмжээгээр хязгаарлана.
Нийлүүлэлтийн инфляц ба хүлээлтийн тэнцвэрийг олох нь
Монголбанкны хувьд инфляц 11% хүрсэн ч бодлогын хүү 12 хувь, бодит хүү эерэг буюу харьцангуй чанга хэвээр байна. Гэтэл ихэнх томоохон төв банкуудын бодлогын бодит хүү аль түрүүн сөрөг болчоод байгаа. Нөгөө талаас нийлүүлэлтийн импортын инфляцыг бууруулах талаар дээрх свопын зардлыг бууруулах арга хэмжээ авч болно. Мөн эрэлтийг хязгаарлах нь төдийлөн үр дүнг авчрахгүй байх, учир нь 2027, 2028 он сонгуулийн өмнөх жилүүд тул төсвийн зардал, хөрөнгө оруулалт, цалин бүгд ихээхэн өсөлттэй байхаар төсөөлж байна. Ийм нөхцөлд эсрэгээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих нь илүү оновчтой болов уу. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт дээрх эдийн засгийн тэлэлтээс болж ихээхэн “зайгаа“ алдах, шахагдах аюултай боловч манай эдийн засгийн гол хөдөлгүүр хүч гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хувийн хэвшлийн аж үйлдвэрийн төслүүдийг дэмжиж ажиллах нь үр ашигтай гэж бодож байна. Энэ нь манай дотоодын эдийн засгийн суурийн бүтэцтэй холбоотой.
Дунд ба урт хугацааны бүтцийн шинэчлэлүүд
Монгол Улсад инфляц урт хугацаанд тогтвортой байж чадахгүй байгаа нь макро эдийн засгийн суурь бүтцийн сул талтай холбоотой. Монгол Улс одоогийн байдлаар үйлдвэрлэгч улс гэхээс илүү уул уурхайн экспорт давамгайлсан, түүний орлогоор импортын барааг худалдан авч амьдардаг, дотооддоо үйлдвэрлэл нь харьцангүй багатай эдийн засаг болсон байгаа үед мөнгөний бодлого дангаараа инфляцтай тэмцэж чадахгүй нь ойлгомжтой. Экспортын орлого нэмэгдэх тутам төсвийг дагаж тэлдэг мөчлөг дагасан (pro-cyclical) төсвийн тэлэлт бодит байдал зонхилж байна, мөн сонгуулийн үе нь ойртож байна. Цалин болон тэтгэвэрийн өсөлт бий болох нь мөн тодорхой байгаа. Ийм нөхцөлд нийлүүлэлтийг аль болохоор дотоодоос бүрдүүлэх нь импортын инфляцыг хязгаарлах, үнийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой. Төв банк гэхээс илүү Засгийн газар үүнд анхаарч ажиллах нь гол сорилтууд болж байна.
Логистик болон Нийлүүлэлтийн сүлжээний хараат байдлыг бууруулах
Импортын ганц сувгаас (БНХАУ-ын Эрээн, ОХУ-ын Алтанбулаг) хамааралтай байдлыг багасгахын тулд хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, төмөр замын логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын агуулах, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлснээр хүнсний бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагааг багасгах, импортыг орлуулах боломж байгаа. Мах, сүүн бүтээгдэхүүн, нарийн ногооны нийлүүлэлтийг жилийн турш тогтвортой байлгах эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг хүлэмжийн аж ахуйг дэмжих. Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг захиргааны аргаас татгалзаж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжсэн бүтээмжийн татаасын тогтолцоонд шилжих. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай валютын орох урсгалыг бусад экспортын салбарт (технологи, аялал жуулчлал, ноолуур г.м) чиглүүлэх замаар төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс үүдэлтэй импортын инфляцын дарамтыг урт хугацаанд сааруулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, 2026-2030 онууд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-г биелүүлэх, эдийн засгаа солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, гангийн үйлдвэрийг дэмжих чухал үе болно. Энэ үеэр инфляц зорилтот түвшнээс давах аюултай гэдгийг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогыг илүү эдийн засгийн суурийг тэлэх чиглэлд чиглүүлэх нь оновчтой гэж үзэж байна.
Эдийн засагч доктор, профессор Ч.Хашчулуун







Нийгэм








