Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд шинэ шатны дэвшил авчрах ЭКМО (ECMO) технологийг нэвтрүүлэхээр болж, уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2026.07.30/ гарын үсэг зурлаа.
Төслийг Монгол Улсын Хүннү Ротари клуб, Япон Улсын Киото Өмнөд Ротари клуб хамтран хэрэгжүүлэх бөгөөд ЭХЭМҮТ-ийн Нярайн зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт ЭКМО аппаратыг хандивлахаар болсон юм.
Санамж бичигт Япон Улсын Киото Өмнөд Ротари клубийн ерөнхийлөгч Такеда Риюжи, Монгол Улсын Хүннү Ротари клубын ерөнхийлөгч Номундарь, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр нар гарын үсэг зурлаа.
ЭКМО нь зүрх, уушгины үйл ажиллагаа хүндээр алдагдсан үед эдгээр эрхтний үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэж, биеийг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдүүлдэг эрчимт эмчилгээний дэвшилтэт технологи юм. Дэлхийн олон оронд уг технологийг хүүхэд, нярайн зүрхний мэс заслын дараах хүндрэл болон амь насанд аюултай эмгэгийн үед өргөн ашиглаж байна.
Төслийн хүрээнд төхөөрөмжийг суурилуулахаас гадна эмч, мэргэжилтнүүдийг сургаж, технологийг аюулгүй, үр дүнтэй ашиглах чадавхыг үе шаттайгаар бүрдүүлнэ.
Ингэснээр ЭХЭМҮТ хүүхэд, нярайд ЭКМО эмчилгээг эх орондоо үзүүлэх боломжтой болж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ахиц гарах юм.
АДМИН





Эрүүл мэнд





