Бүгд Найрамдах Солонгос Улсын Ульсан хотын "Мунсу" олон улсын байт харвааны талбайд Үндэсний уламжлалт харвааны анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2026 Korea Ulsan World Traditional Archery Championship) амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн уламжлалт харвааны холбоо (WTAF)-ноос зохион байгуулсан тус тэмцээн нь 2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд болж, дэлхийн 38 орны 700 орчим шилдэг харваачид цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Энэхүү ДАШТ-д оролцогчид зөвхөн байгалийн гаралтай материалаар хийсэн уламжлалт нум, сум хэрэглэж, өөрийн үндэсний түүхэн хувцас хэрэглэлээр гоёж оролцдогоороо онцлогтой бөгөөд харваачид Казахстаны Жамбы (30 метр), Туркийн Пута (70 метр), Унгарын Тарска (90 метр), Өмнөд Солонгосын Гундо (145 метр) гэсэн дөрвөн өөр үндэстний уламжлалт зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдсөн байна.
Үндэсний сур харвааны улсын мэргэн Бат-Эрдэнийн Ганзориг Ульсан хотын энэхүү дэлхийн аваргын тэмцээнд 30 метрийн болон 70 метрийн харваанд хос алтан медаль, бүх зайн нийлбэр дүнгээр хамгийн нэр хүндтэй "Гран-при" шагналыг хүртэж, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цолны болзлыг хангалаа.
Мөн эрэгтэйчүүдийн Эрэгтэй 90 метрийн (Tarsca) төрөрлд Лхамжавын Отгонбаяр мөнгөн медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 90 метрийн төрөлд Бадарчийн Отгонжаргал 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртсэн. Энэ төрөлд Унгарын тамирчин Андреа Скалицки (Andrea Skaliczki) алтан медаль, Австралийн тамирчин Нусайба Шеллен (Nusaybah Shellen) мөнгөн медаль тус тус хүртжээ.
Тэмцээн зохион байгуулагдсан Ульсан хот нь 7000 орчим жилийн өмнөх Бангудэ хадны сүг зурагт нум сумтай ангуучийг дүрсэлсэн байдаг тул Солонгосын нум сумны соёл үүссэн түүхэн эх өлгий газар гэж тооцогддог бөгөөд энэ ч утгаараа дэлхийн хэмжээний анхны уламжлалт харвааны ДАШТ-ийг ийнхүү өндөр түвшинд зохион байгуулсан байна.
ТАТАР МАЙДАР







Спорт



