Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Үүний хүрээнд “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний хуралд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон Улс зэрэг 8 орны эрдэмтэн судлаач оролцоно. Энэхүү хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог юм.
Нийт илтгэлийн 36.4 хувийг гадаад орны монголч эрдэмтдийн илтгэл эзэлж байгаа бөгөөд “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэнг наймдугаар сарын 13-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй байлгах юм.
Төв аймгийн Соёл урлаг, аялал жуулчлалын газрын дарга Б.Тунгалаг, "Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой маш олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг жишээ нь “Хаадын зам” түүхэн, дургалт газрын аялал байв. Төв аймгийн 7 суманд өв соёл, зан заншил, ёс уламжлалыг сурталчиллаа. Мөн их зохиолчийн төрсөн гэрийн буурийг хамгаалалтад авах ажил өрнүүлж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 20 дугаар зууны аугаа зохиолчийн талаарх сонирхолтой баримтуудыг судалж, дэлгэх, мэдээлэх, таниулах маш үр өгөөжтэй ажил болно гэж найдаж байна" гэлээ.







Нийгэм





