Дэлхийн дулаарлын улмаас Антарктидын хойгийн мөсөн голууд хайлахын хэрээр олон жил мөсний дор хадгалагдсан мөнгөн ус Өмнөд далайд илүү эрчимтэй тархаж байгааг судлаачид тогтоожээ.
PNAS сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар аж үйлдвэрийн хувьсгалаас хойш тус бүсийн далайн ёроолын хурдаст мөнгөн ус хуримтлагдах хурд 160 хувиар нэмэгдсэн байна. Мөн мөс хайлснаар хуурай газраас далайд орж буй мөнгөн усны хэмжээ 550, далай ба агаар мандлын хоорондын мөнгөн усны солилцоо 350, далайн урсгалаар бохирдол зөөгдөх хэмжээ 400 орчим хувиар өсжээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр далайн усан дахь бактери мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг бөгөөд энэ нь уг хорт бодисын хамгийн аюултай хэлбэрүүдийн нэг юм. Улмаар планктоноос эхлэн томоохон далайн махчин амьтад хүртэл хүнсний сүлжээнд хуримтлагддаг байна. Судалгаагаар зарим загас, акулын төрөлд метил мөнгөн усны хэмжээ өмнөх үеийн үзүүлэлт болон өнөөгийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нь тогтоогджээ.







Нийгэм




